2020.08.20
Улстөр
Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг УИХ-ын тухай хуулиар зохицуулахгүй
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
“Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэл байна. Учир нь УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна гэж заалт орсон. Нөгөөтэйгүүр Засгийн газар ямар хүрээнд хууль санаачлахыг УИХ-ын тухай хуулиар тогтоогоод байгаа. Гэтэл Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхийг УИХ-ын тухай хуулиар зохицуулах асуудал биш юм. УИХ-ын тухай хууль нь өөрөө УИХ-ын үйл ажиллагааны үндсийг тогтооно. Бүрэн эрх, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүний халдашгүй байдал, баталгаа, УИХ-ын үйл ажиллагааны журмыг тогтоосон хууль. Өөрөөр хэлбэл УИХ-ын дотоод асуудал, үйл ажиллагааг зохицуулдаг. Гэтэл үүн дотор гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-ын тухай хуулиар зохицуулсан нь буруу болжээ гэж үзэж байгаа юм. Тиймээс хоригийг хүлээж авах үндэслэл байна.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хуулийн ямар хүрээнд хууль санаачлах вэ гэдгийг тогтож ярих ёстой. Үүний цаана төрийн эрх мэдлийн хуваарилах зарчмын асуудал байна. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрхтэй, хууль тогтоомж батлах үйл явцад оролцож хориг тавих зарлиг гаргах бүрэн эрхтэй. Засгийн газар төсөв санхүүтэй холбоотой органик хуулиудаа мэргэжлийн яамтай зөвлөлдөн хууль санаачлах эрхтэй. УИХ-ын гишүүнд ч тодорхой хүрээ хязгаарт хууль санаачлах эрхтэй. Тиймээс хоригийг хүээж авбал УИХ-ын тухай хуулиар бус Ерөнхийлөгчийн тухай хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулах, Хууль тогтоомжийн тухай хуульд оруулах нь зүйтэй.”
Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17