2020.08.20
Улстөр

Н.Учрал: Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж, эдийн засгаа уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат бус болгох боломжтой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг дахиад 5 жил явбал цаашдаа иргэдийн хөргөгчинд байгаа хүнсний тоо нэмэгдэхгүй. Хөрөнгийн зах зээлийг дэмжих чиглэлээр юу хийх вэ? Тунгалаг тамир кино дээр гардаг шүү дээ. Хөрөнгийг хөдөлгөхгүй байхаар илжирдэг гэж Итгэлт баян хэлсэн. Ирээдүйн өв санд 1,2 их наяд төгрөг байгаа гээд байдаг тэр мөнгийг байлгаад байх юм уу? өсгөж үржүүлж хишиг буяныг нь үр хойчдоо үлдээмээр байна. Гэтэл хуучин шиг гудасны дор хийгээд суугаад байх юм уу? Энэ олон сангууд гээд байгаа зүйл чинь хөрөнгө оруулалт, менежментийн хөндлөнгийн компани байгуулаад хуулийн дагуу хөрөнгийг эргэлдүүлэх менежмент хиймээр байна. Төрийн өмчийн компаниудаа эргэлтэд оруулж ажиллахгүй бол бид цаашдаа дэлхийн эдийн засаг дээр уул уурхайн бүтээгдэхүүн ямар байхаас шалтгаалаад суух юм бол иргэдийн амьдрал өөрчлөгдөхгүй.

Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг цаашид ямар хэлбэрээр авч явах вэ? Энд ашиг сонирхол маш их давамгайлсан, цахим засаглал, бодлого дээр төр өөрөө шинэчлэлийг хийж байгаа компаниуд 1 зүйл хүсэж байна. Төр бидний үйл ажиллагаанд  саад болохгүй байвал том тус шүү гэж. Тиймээс ашиг сонирхлоос нь салгаад өгөөч гэж байгаа. Өөрсдийн санаачилгаар маш олон төрийн үзйлчилгээг цахимжуулаад олон салбарт хийгээд эхэлсэн. Сангийн яаманд хүртэл үнэт цаасыг блокчэйн дээр тулгуурлан гаргая, автотээврийн үйлчилгээ гэх мэт олон салбарт хувийн компанитуд ажиллаад болоод байна. Гэтэл төрийн өмчийн компаниудыг удирдаж байгаа нөхдүүд хувийн ашиг сонирхолоороо ах дүү хамаатан садандаа тендер өгөөд ажил хийж байгаа хүмүүсийг оруулдаггүй.

Ухаалаг засаглал гэх зорилт дээр мэргэжлийн холбооны хууль хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Анхны хэлэлцүүлгийг хийж өгвөл сайн байна. төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоогоо гүйцэтгүүлэх бодлого барьвал ямар вэ? төр заавал ажиллах бус гадаадад боловсрол эзэмшсэн залуусыг мэргэжлийн холбоодоор дамжуулан зөвлөх хэлбэрээр ажлуулаад эхэлбэл заавал төрд орохгүйгээр ажиллая гэсэн сайн залуус зөндөө байгаа тул энэ замыг нь нээмээр байна. Салбар бүрт мэргэжлийн холбоо байгуулаад хуульд ТББ биш МНХ болгоод нэг л холбоотой болоё гэж хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Миний санаачилсан хууль юм. Энэ хуулийг батлаад Ухаалаг засгийг хөгжүүлэх чиглэлд ямар байр суурьтай байна вэ?”

ШИНЭ МЭДЭЭ