2020.08.20
Улстөр
Б.Баттөмөр: Хөгжлийн яамыг 2021 оны төсвийн жилд багтаан байгуулах боломжтой юу?
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
“Хөгжлийн баримт бичиг бидэнд олон бий. 610 хөгжлийн баримт бичиг байсан. Эдгээрийг нэгтгээд Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулсан ажлын хэсэг Алсын хараа-2050 хөгжлийн баримт бичиг гаргасан. НҮБ-ын зөвлөмжийн дагуу Тогтвортой хөгжилийн зорилт 2030 гэх чухал баримт бичгийг 2015 онд баталсан. Энд тавигдсан тоонууд маш хариуцлагатай, шавхсан, дайчилсан баримт бичиг юм. харамсалтай нь явахгүй л байна. 5 жилийн төлөвлөгөөнд 1 хүнд ногдох ДНБ 6520 доллар байна. тогтвортой хөгжлийн зорилт-2030 дээр 17500 гэж байгаа. Үлдэж байгаа 2025-2030 бараг 2 дахин өсөлтийг бий болгож байж л хүрэх юм байна. Нэг бичиг баримт хийгээд сэгэлж хаяад байх нь оновчгүй.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш олон лиценз олгосон, олон худалдагдсан. Үүнийг л хаах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн 6.1, 6.2 гэж яриад байгаа нь энэ л асуудал юм. Хөгжлийн загвар гэж олон гишүүд хэлж байна. Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд яг ямар загвараар хөгжих гэж байгаа нь тодорхойгүй. Төр битгий оролц, татвараа аваад сууж бай гэдэг. Ингээд 7-8 их наяд төгрөгийн хуримтлал бий болгож байна. Төр хуримтлал бий болгож, шаардлагатай салбарууддаа хөрөнгө оруулалт хийж байж хөгжинө. Энэ баримт бичигтээ хөгжлийн загварыг хэрхэн оруулсан бэ?
Баялгийн менежмент. Менделеевийн үелэх системийн 111 элементийн 82 элемент нь Монголын хөрсөнд байдаг гэж байгаа. Тараагаад хаячихсан. Шилжүүлж байна гээд дамжуулаад байдаг. Тэгсэн хэрнээ монголын гэр бүлүүдийн амьдрал дээшилдэггүй. Энэ баялгийн менежмент, лицензийн бодлогыг цаашид яаж авч явахаар тусгасан бэ?
Ядуурлын түвшин 28,4%. Үүнийг 20% болгоно гэж. Тогтвортой хөгжлийн зорилт-2030-д үндсэндээ ядуурлын бүх хэлбэрийг устгана гэж заасан. Инфляц 8,1% -ийг 6% болгоно гэж байна. Ийм байхад банкны хүүг 1 оронтой тоонд оруулна гэж хэзээч байхгүй. Инфляцыг бууруулах, удирдах чиглэлд илүү дайчилж ажиллаж болохгүй юм уу?
Хөгжлийн яамыг байгуулах их хүлээлт байлаа. Энэ жил туршиж үзээд ирэх жил байгуулна гэх үү? Хөгжлийн яам бол Сангийн яам, хууль зүйн яам, ХНХ-ын яамтай эн тэнцүү чухал шүү. Аль болох хурдан байгуулах чиглэлээр 2021 оны санхүүжгийн жилд байгуулах боломжтой юу?
Дижитал эдийн засаг ярьж байна. Шинэ эдийн засгийн тухай яриад байна. Тойргийн болон хуваалцах эдийн засгийн төрдлүүдийг бий болгох чиглэлд юу хийх вэ?
Хөрөнгийн захыг хөгжүүлэх чиглэлд юу хийх вэ? хувьчлал гэхээр нэг хүн аваад хөгждөггүй. Хөрөнгийн зах зээлээрээ дамжуулан хөгжүүлэх боломж бий юу? Банкуудын хувьчлалын асуудал бий. Үүнийг ч хөрөнгийн захаар дамжуулан хувьчилмаар байна.”
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох салбарын сайд нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
2020.12.11