“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.08.26
Улстөр

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаан 15 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх асуудлаа баталлаа.2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуув. Хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр технологийн 10 паркыг байгуулах бүс нутгийн талаар тодруулсан түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариулт өгөв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганибал, Н.Наранбаатар нар санал хэлэв. Ж.Ганибал гишүүн хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдсан асуудал болсон бэлчээрийн доройтол гэдгийг хэллээ.

Үүнээс үүдэн баруун бүсээс зүүн бүс рүү мал оруулахаар болсон. Гэтэл зүүн бүс малын халдварт өвчний эрсдэлтэй. Энэ асуудлаас болж малын өвчин тархах, өндөр эрсдэл дагуулах магадлалтай. Баруун бүсийг мал аж ахуйн эрүүл бүс нутаг болгох зорилтдоо хүрч чадахгүй. Энэ бүх асуудлыг зохицуулах бэлчээрийн тухай бие даасан хууль гаргахыг Үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл тус бүрд тусгах санал хэлсэн бол Н.Наранбаатар гишүүн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгуудад Өмнөговь аймгийг нэмж оруулах санал гаргалаа.

Үргэлжлүүлэн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлэв. Тухайлбал,  Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт 50 МВт-ын дулааны цахилгаан станц нэмж барих, Дархан Сэлэнгийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхээр тусгах, Г.Мөнхцэцэг гишүүн Үндсэн чиглэлийн 8.1.3 дахь хэсгийн "тээврийн үйлчилгээг хөгжүүлэх" гэсний дараа "авто замын сүлжээг хөгжүүлэх" гэж нэмж тусган өөрчлөн найруулах, Чойр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн авто зам шинээр барьж байгуулах асуудлыг нэмж оруулах, Н.Наранбаатар гишүүн Даланзадгад суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барих асуудлыг тусгах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Санал хураалт явуулж дууссанаар Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ