МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Бид Кембрижийн биш үндэсний хөтөлбөрөө шинэчлэх замаар боловсролын реформ хийх ёстой
2020.08.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: Бид Кембрижийн биш үндэсний хөтөлбөрөө шинэчлэх замаар боловсролын реформ хийх ёстой

МУИС-ийн дэд захирал асан, УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусах боловсролын салбарын асуудлаар ярилцлаа.

- Кембрижийн стандарттай сургуулийн тоог нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувьд хүргэх асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах асуудал яригдаж байна. Боловсролын салбараас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

- Энэ асуудлыг дэмжихгүй байгаа. Учир нь одоогийн үндэсний хөтөлбөрөө хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Энэ байр сууриа Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж буй гишүүдэд ярьж ойлгуулахыг хичээж байна.

- Г.Дамдинням нарын гишүүд энэ бодлогыг яагаад хэрэгжүүлэх гэж байгаагаа тайлбарласан нийтлэл iKon.mn дээр гаргасан. Энэ нийтлэлээс харахаар Монголын нийтийн боловсрол хэзээ бүрэн шинэчлэгдэж сайжрах нь огт тодорхойгүй байна. Лаборатори сургууль байгуулах зорилт ирэх дөрвөн жилдээ биеллээ гэж бодоход хэзээ нийт хүүхдүүдийн авч байгаа хөтөлбөр сайжрах нь тодорхойгүй байна. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байгаа вэ?

- Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд туссанаар үе шаттайгаар Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэх гэж оруулсан байна. Өөрөөр хэлбэл үе шаттай гэж оруулсан нь хугацааны хувьд тодорхойгүй байна. Яагаад ийм тодорхойгүй байдлаар оруулж ирэв гэхээр бид бэлэн биш байна гэсэн үг. Төсөв болоод хүний нөөц хязгаарлагдмал байдалтай байгааг бид бүгд мэдэж буй.

Бид өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага, зорилго, онцлогийг шингээсэн үндэсний хөтөлбөрийг илүү хөгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна
- Нийтээр нь шинэчилж чадахгүйгээс хойш хэсгийг нь ч болтугай сайн хөтөлбөрт хамруулъя гэсэн зорилго өвөртлөөд байна гэж ойлгосон. Тэгвэл таны хувьд үндэсний хөтөлбөрөө сайжруулах ямар шийдлүүд байгаа вэ?

- Боловсролын салбарын бодлого, хэрэгжилтээр бид ямар улс байх вэ гэдэг зорилгыг биелүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид улс үндэстнийхээ зорилгыг тодорхойлоод түүндээ таарсан иргэдийг бэлддэг салбар. Монгол Улсын хувьд 1920 –оод онд Оросын тусламжтайгаар орчин үеийн боловсролын системээ бий болгосон. Анхны ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 100 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Мэдээж тухайн цаг үед бидэнд туслалцаа хэрэгтэй байсан. Тэгвэл одоо дахиад өөр орны боловсролын системийг хуулъя гээд сууж байж болохгүй. Бид өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага, зорилго, онцлогийг шингээсэн үндэсний хөтөлбөрийг илүү хөгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Бидэнд хүнд хэцүү суралцах зүйлс их бий. Гэхдээ одоо бидэнд хуримтлуулсан туршлага, алдаа, оноогоо дүгнээд урагшлах бүрэн нөөц боломж бий гэж үзэж байна.

- Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэл үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Энэ хуулийн төслүүдэд таны оролцоо ямар байх вэ?

- Би багшийн ширээнээс сонгогдсон гишүүн. Сүүлийн 10 гаруй жил оюутнуудад хичээл заасан учраас боловсролын реформыг хийхийн төлөө ажиллана. Тиймээс ч салбарын бүх шатны төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцож байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагуудтай хэлэлцүүлэг хийж ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөг нь сонсож санал бодлоо илэрхийлсэн.

Боловсролын салбар гэхээр маш өргөн ойлголт. Сургуулийн өмнөх боловсролоосоо эхлээд ЕБС, их, дээд сургууль, мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв цаашлаад хүүхэд хөгжлийн бусад бүх ажиллагаа, насан туршийн боловсрол гээд олон асуудал хамаарна. Их, дээд сургуулийн асуудал гэхэд л шинжлэх ухааны салбар ч хамаарчихдаг. Энэ бүгдээс хамгийн түрүүнд бид ерөнхий боловсролын сургуулийн үндэсний хөтөлбөрийг сайжруулах тал дээр ажиллах ёстой гэж үзэж байна.

Үндэсний хөтөлбөрийг шинэчлэх боловсролын салбарын реформ хийх гишүүдийн лобби бүлэг байгуулах төлөвлөгөөтэй байна
- ЕБС-ийн сургуулийн 10 хувьд хүрэхүйц сургуулийг Кембрижийн стандарттай болгоно, цаашдаа үндэсний хөтөлбөрөөс байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг энэ хөтөлбөрөөр дүйцүүлнэ гэсэн энэ зорилтыг боловсролын салбарын эрдэмтэн докторууд эсэргүүцсээр байна. Тухайлбал, МУИС-ийн докторууд үүнийг эрс эсэргүүцэж байна. Тэгвэл МАН, Засгийн газар тухайн салбарын асуудлыг хөтөлбөртөө тусгахдаа эрдэмтэн, судлаачдын үгийг сонсохгүй байна гэсэн үг үү?

- Намын мөрийн хөтөлбөрийг батлах тал дээр олонхын шийдвэрээр гарч байгаа. Гэхдээ бид олонхоороо шийдвэр гаргахдаа улс үндэсний эрх ашиг, ирээдүйг харж шийдвэр гаргаж байх ёстой. Тиймээс цөөнхийн төлөөлөл болж байгаа ч өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байх болно. Мөн үндэсний хөтөлбөрийг шинэчлэх боловсролын салбарын реформ хийх гишүүдийн лобби бүлэг байгуулах төлөвлөгөөтэй байна.

Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулна гэдэг нь Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон хөтөлбөр гэсэн үг шүү дээ. Ингэхийн тулд багшийн заах арга зүй, сургалтын орчин, сурах бичгийг шинэчилнэ. Кембрижийн хөтөлбөрөөс мэдээж авах зүйл их бий. Тухайн хөтөлбөрийн агуулга болоод багшийн заах арга зүй дээрээс бидэнд суралцах зүйл их байдаг. Бид тэднээс туршлага судлах бүрэн нээлттэй. Гэхдээ бид ингэхдээ өөрсдийн үндэсний хөтөлбөр дээр тулгуурлаж явах нь зөв юм.

Эдийн засгийн талаас нь л ярихад, Кембрижийн хөтөлбөр нь өөрөө зардал өндөр, бид IGCSE стандартын шаардлага хангасан эсэхээ хүүхдүүд хичээл тус бүрээр нь төлбөр төлөөд баталгаажуулаад явдаг. Энэ бол маш их зардал. Мөнгийг нь аав, ээжүүд төлөх үү, улс төлөх үү. Бүх сургуульд үүнийг нэвтрүүллээ гэхэд бид төсвийг нь дийлэхгүй. Өөрөөр хэлбэл, бидэнд эдийн засгийн боломж байхгүй.

Хоёрдугаарт, энэ хөтөлбөрийг заах багш нар бэлэн биш. Тухайн агуулга, хичээлийг монгол, англи хэл дээр заах багш Монголд хэд байгаа билээ. Үүнийг бэлдэхэд хэдий хэр хугацаа, зардал гарах вэ. Мөн тухайн агуулгыг дагаад сурах бичиг худалдаж авах хэрэг гарна. Сурах бичиг нь маш үнэтэй. Монголд өнөөдөр ийм лаборатори гурван сургууль бий. Байрны асуудалтай, Кембрижийн хөтөлбөрөө бүрэн нэвтрүүлж дуусаагүй, мөнгийг нь гүйцэт төлж чадахгүй байдалд байгаа шүү дээ. Гуравхан сургуулийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байж яаж 10 хувьд хүргэх вэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн боломж байхгүй.

Гол нь нөгөө талд үүнээс бага зардлаар одоо байгаа үндэсний хөтөлбөрийн байгалийн шинжлэх ухааны хичээлийн хөтөлбөр, заах аргыг шинэчлэх бүрэн боломжтой. Бид заавал гадагшаа мөнгө төлөх гээд байх шаардлагагүй.

Дээрээс нь Монголын боловсролын салбарын үнэлгээний системийг сайжруулах ажил бий. Монголын боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилгыг ойлгож байна. Ингэхийн тулд бид хөтөлбөрөө сайжруулахаас гадна үнэлгээний системээ шинэчлэхэд л хангалттай.

ЕБС-ийн 10 хувийг Кембриж болгоно оо гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно

- Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 –т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж зааж өгсөн байдаг.
Мөн 16.7-д “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно…” гэж зааж өгсөн.
Энэ заалтуудын мөн чанар нь төр иргэндээ ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгож байгаа нь нийгэмд ижил тэгш гараа бий болгох үндсэн мөн чанарын нэг илэрхийлэл гэж ойлгодог. Гэтэл одоо хамгийн шилдэг сайн хүүхдүүдийг нь шүүж аваад бас багш нарыг нь шүүж аваад илүү мөнгө зарцуулах нь нэгэнт бий болсон тэгш бус байдлыг бүр илүү өдөөх ажил болох гээд байх шиг. Хэрэв төсвийн нөөц байгаа бол түүнийгээ нийтийн үгүй ядаж хамгийн хүртээмжгүй, чанар сул хэсэгтээ анхаарлаа хандуулах ёстой мэт.

- Тийм. Хүүхэд хөдөө, орон нутаг, хот суурин газар, байшин хороолол, гэр хороолол хаана төрсөн нь хамаагүйгээр сайн чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш өгөх үүрэг нь төрийнх. Үүнийг Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн. Хэдийгээр Үндсэн хуульд ингэж зааж өгсөн ч бодит нөхцөл байдал өөр, илүү хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа.

Хувийн сургуулиуд руу өндөр цалин дагаад хамгийн шилдэг багш нь оччихсон, дээрээс нь гадаадын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд боломжтой айлын хүүхдүүдийг хамруулаад явж байна. Үүнээс дараагийн шатлал бүхий гурван Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төр нь хийсэн. Энэ хоёрт хамрагдаж чадаагүй үлдсэн хэсэг гэсэн гурван хуваагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл бид ийм шатлалыг өөрсдөө бий болгосон. Кастын систем шиг гэсэн үг. Ийм байхад ЕБС-ийн 10 хувийг Кембриж болгоно оо гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно. Угаасаа 10 хувийг нь Кембриж болгох төсвийн нөөц ч байхгүй гэж би дээр хэлсэн. Тиймээс ч өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлаж нийтийн боловсролоо хөгжүүлэх нь аль ч тохиолдолд нийтээрээ ахих зөв хувилбар юм.

Нийтээрээ ахина гэдэг маань авьяас чадвартай хэсгийнхээ боломжийг хязгаарлана гэсэн үг бас биш юм. Нэгэнт суурь боловсролоо сайтар хөгжүүлчихвэл тэндээс хүүхдүүд авьяас чадвараасаа хамаараад өөрийн сонирхол чиглэлээр тусгай хөтөлбөрт сургуулиудаа хөгжүүлээд явж болно. Жишээ нь, урлагийнхны бэлтгэж буй Хөгжим, бүжгийн коллеж шиг. Хуучин залуу техникчдийн ордон гэж байсан шиг байгалийн шинжлэх ухаан, инженер бэлтгэх сургуулиуд бий болох боломжтой. Өөрөөр хэлбэл, салбарын төрөлжсөн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой.

- Доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ iKon-д өгсөнд ярилцлагадаа бид ерөнхий боловсролоо Кембрижийн стандарттай болгоё гэж зүтгэж байгаа нь Монголын их, дээд сургуулиа байхгүй гэж үзсэнтэй адил гэж хэлсэн байсан. Логикийн хувьд хүн тийм зүйл байхгүй гэж үзэж байгаа бол түүнийг сайжруулахын төлөө зүтгэхгүй.

- Монголын төр их, дээд сургуулийг шинжлэх ухаан, улсын хөгжлийн эх гэж боддоггүй хэрнээ томилгоо, төлбөрийн хэмжээ тогтоох гэх асуудлууд руу нь оролцсоор ирсэн. Өөрөөр хэлбэл төрийн оролцоо маш их юм шиг хэрнээ хэрэгтэй газар нь ирдэггүй, бодлого байдаггүй.

Л.Мөнх-Эрдэнэ багшийн хэлж байгаа үнэн. Бид өөрсдийн сайн их сургуультай болохын тулд хамгийн чадалтай багш нар, хамгийн чадалтай оюутнууд байх ёстой. Ингэж байж мэдлэг бүтдэг. Гадны улс орны хөгжсөн туршлагыг харахаар мэдээж өөрсдийн хүмүүсээ өөрөөс илүү өндөр хөгжилтэй улсууд руу явуулж сургадаг. Гэхдээ ингэхдээ бодлогоор их сургуулийн багш нараа түлхүү дэмжиж сургах замаар дотоодын боловсролын системээ хөгжүүлдэг. Багш, судлаач нар магистр, доктор болоод буцаж ирээд үндэсний сургуулиудаа хүчирхэг болгох дээр ажилладаг. Жишээ нь, Японы сурагчид японыхоо Токиогийн их сургуульд орох гэж мөрөөддөг болохоос барагтаа Харвард гэдэггүй.

Эсвэл Монголд ер нь дээд боловсрол хэрэггүй, бүгдийг нь аутсорс хийе гэж бодъё. Ингэснээр Монголд шинжлэх ухааны мэдлэг үйлдвэрлэл бүрэн зогсоно, шинжлэх ухааны хараат болно. Төрийн зүгээс их, дээд сургуулиудтайгаа улс орныхоо хөгжлийн зураглалыг хамтран гаргадаг. Жишээ нь, АНУ-д MIT гэж сургууль тусгай статустай, улсынхаа бодлогын болоод аюулгүйн байдлын судалгаануудыг хийж өгдөг. Монголд ийм шаардлага бий.

Их, дээд сургуулийн шинэчлэлийн хувьд хувийн сургуулиудын чанар, стандартыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бид монголын газар нутгаас харийнхан авч байна, газрын доорх баялгийг сорж байна гэж хамгийн их ярьдаг. Гэтэл монгол хүний ирээдүйг хамгийн ихээр хулгайлж байгаа зүйл бол чанаргүй боловсрол, чанаргүй дээд боловсрол олгож, диплом нэртэй нэг цаас өгч биенээ хуурч байгаа явдал юм.

Их, дээд боловсролын шинэчлэл гэхээр мэдээж Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сангийн асуудлыг ярих хэрэг болно.

Академийн хувьд төрөөс санхүүждэг, төрийн ивээлд байдаг төрийн бус байгууллага. ШУА-д хоёр асуудал байдгийн нэг нь насан туршийн академич цол аваад цалин аваад сууж байдаг 60 хүн бий. Академич шалгуурлах үйл явц тэрүүхэн дотроо явагддаг. Үүнд салхи оруулах ёстой. Хоёрдугаар эрдэм шинжилгээний хүрээлэнгийн асуудал бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаанд зарцуулах мөнгийг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилт нэмэгдэнэ. Гэхдээ санхүүжилт нэмэгдэхийн хэрээр улсын хөгжлийн бодлого, яг өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдэх судалгаануудад хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ гэж үзэж байгаа. Ингэхдээ эрдэмтэд маань хоорондоо аль болох хамтарч ажиллах мөн хүрээлэнгийн эрдэмтэд маань их сургуульд багшлах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд дараагийн судлаачдыгаа бэлддэг байх ёстой.

Эрдэмтэд маань яг өнөөдөр Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудаараа судалгаа хийдэг болох, түүнийгээ бусаддаа түгээдэг болох, дараагийн үеэ бэлддэг болох, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлүүдэд ажиллана. Тухайлбал, өнөөдөр бид хоёрын ярьж байгаа боловсролын салбарын асуудлаа судалж, мэтгэлцээнүүдийг бий болгомоор байна.

Шинжлэх ухаан технологийн тусгай сангийн санхүүжилтийн зориулалтыг ч ийм чиглэлд шилжүүлж эрдэмтдээс тодорхой бодит үр дүн нэхэж ажиллах болно. Энэ намрын чуулганаар миний хувьд боловсролын багц хуулиас гадна шинжлэх ухааны хөрөнгө оруулалт ба түүнээс гарах үр дүнд чиглэсэн бодлого, хуулийн төслүүд дээр ийнхүү төвлөрч ажиллахаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ