2020 оны төсвийн тодотголыг баталлаа
2020.08.28
Эдийн засаг, Худалдаа

2020 оны төсвийн тодотголыг баталлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.28) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа. 

ТБХ-ны санал дүгнэлтийг С.Ганбаатар танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. 

Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцжээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг даван туулах зайлшгүй шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 10.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, дэмжлэг, тусламж үзүүлэх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурлаас бүрдүүлсний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас холбогдох шат дараалсан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж, энэ арга хэмжээнд 1.9 их наяд төгрөгийг зарцуулжээ.

 Мөн төсвийн тэвчиж болох зардлыг хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг багасгах, өрийн хэмжээг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн гэв. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг 10.7 их наяд төгрөг, нийт зарлагыг 14.6 их наяд төгрөг, нийт орлогоор тооцсон төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувь байхаар, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 12.5 хувь байхаар тусгагджээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг заалт бүрээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулан санал хураалаа. Хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж батлагдлаа. 

ШИНЭ МЭДЭЭ