ЭМД-тай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болно
2020.08.28
Эрүүл мэнд

ЭМД-тай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болно

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар өнөөдөр УИХ-аар батлагдсан эрүүл мэндийн салбарын хуулиудтай холбоотой мэдээлэл хийлээ.

Иргэддээ хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх үүднээс ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж 2021.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ.

Дээрх хуулиудаар орж буй өөрчлөлтүүдээс гарах үр дүн:
  • Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болно. Тэнд нь санхүүжилтийг нь олгодог болно. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж ХҮНЭЭ ДАГАСАН эрүүл мэндийн тогтолцоо бүрдэнэ.
  • Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хүний нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн заавал хамруулж санхүүжилтийг ЭМД-аас санхүүжүүлнэ. Оройтсон хойноо оношлуулах явдлыг бууруулна.
  • Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал эрс буурна.
  • ЭМД-ын байгууллага нь эмнэлэг, эмийн сангаас иргэнд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарыг хянах, хангалтгүй үзүүлсэн бол төлбөрийг бууруулах, хариуцлага тооцох, уг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж танил талаар шийддэг байсныг зогсооно.
  • Эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн цахимжина.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж Монгол улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрэхээс иргэдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд үнэ, чанарын хяналт тавина.
  • Хөнгөлөлттэй эмийн жорыг бүх төрлийн эмнэлгийн эмч нар бичих бөгөөд гэртээ, ажилдаа аль ойрхон ямар ч эмийн сангаас эмээ авах боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг

Бидний хэсэг УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар сүүлийн 30 орчим жил яригдсан эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийсэн, санхүүжилтийг шийдсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд энэ шинэчлэлийн хүрээнд хийгдэх  ажлуудыг тусгуулж чадлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Эрүүл мэндийн салбарын реформ хийх эхний алхам уг хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр хийгдлээ. Үргэлжлээд 2021 оны төсөвт ЭМД-ийн сангийн хөрөнгө оруулат хийгдэнэ. Онцолж хэлбэл одоогийн тогтолцоогоороо бол зарим өвчнийг даатгалаар, заримыг нь даатгалын сангаас заримыг нь хувиасаа гэх мэт олон бэрхшээлүүд үүсдэг байсан. Тэгвэл энэ хуулиар ЭМД-ын сангаар шийдвэрлэдэг болсон. Мөн эмнэлэг, эмчийн чанарын механизм бий болж байна. Ингэснээр одоогийн хариуцлагагүй, хүнд сурталтай байдал арилах болно.

Эмийн сангуудыг санхүүжилт олголгүй гүйцэтгэлээрээ даатгалаас мөнгийг нь шилжүүлнэ. Энэхүү зохицуулалтыг одооноос хэрэгжүүлж эхлэх боломжтой учир УИХ-ын НББХ дээр санал гаргаснаар 2020.11.01-ээс хэрэгжүүлж эхлэх боломж нь бүрдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ