МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: Дорноговийн хөгжлийн тэргүүлэх гурван чиглэл нь аж үйлдвэр, аялал жуучлал, мал аж ахуй
2019.07.02
Орон нутгийн хөгжил

Т.Энхтүвшин: Дорноговийн хөгжлийн тэргүүлэх гурван чиглэл нь аж үйлдвэр, аялал жуучлал, мал аж ахуй

 -Та миний уулзаж байгаа Дорноговь аймгийн гурав дахь Засаг дарга. Манай аймгууд сүүлийн жилүүдэд нэлээд өөрчлөгдөж байна. Дорноговь аймаг ч их өөрчлөгджээ. Би олон жилийн өмнө ирж байсан юм.

-Өөрчлөгдсөөн. Ирээгүй удсан хүмүүс бүгд л их өөрчлөгджээ гэдэг. 
-Миний урилгыг хүлээн авсанд би баяртай байна. Энхтүвшин даргыг яг дошин дээрээ өссөн нутгийн хүүхэд гэж сонссон. Гаднаас нь бол “Дэлгэрсайханы хүн” гэж зарим нь ярьдаг. Ийм хандлага хачирхалтай нь манайхны дунд  бараг тогтчихжээ. Тухайн алба хашиж байх үед тойргийнх нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд хэн байна, Засаг дарга нарыг тэдний хүн болгочихдог.

-Тэгдэг л болж. Уг нь утгагүй, үнэндээ дэмий хандлага.

-Тэгэхээр таны бага нас яг энд өнгөрсөн гэсэн үү. Эцэг эх тань юу хийдэг хүмүүс байв. Яагаад өдий болтол нутгаасаа хөндийрөлгүй, хөдөө ажиллаж амьдрав аа?


- Би 1972 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд төрсөн. Намайг төрөхөд манай аав Дорноговь аймгийн Залуучуудын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан юм. Ээж маань аймгийн  “Ялалт” сонины газар дэвтэрлэгч хийдэг байлаа. Сонины үйлдвэрт нугалагч нар байдаг даа. Тухайн үед аймаг болгон сонинтой байлаа. Та мэдэх биз. 

-Та тэгвэл хэвлэл мэдээллийн салбарыг сайн мэдэх хүн байх нь.


-Бага сага мэднээ. Би айлын долоо дахь хүүхэд. Манайхыг Дорноговьчууд бүгд мэднэ. Аав маань буурал Төмөртогоо гэж хүн байлаа. Буурал үстэй хүн байсан юм. Бид бүр  Буурал гэдэг ургийн овогтой. Ер нь манай аавын аав, элэнц хуланцууд маань цагаан толгойтой хүмүүс гэсэн. Би ч гэсэн буурал толгойтой. Будчихаад байдаг болохоос. (инээв)Манай аав “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл”-ийн хорооны дарга, “Дорноговь аймгийн ардын хянан шалгах хороо”-ны дарга сүүлд “Дорноговь аймгийн намын хороо”-ны дэд дарга хийж явсан хүн. Нутаг усныхан андахгүй. Сүүлд “Ахмадын холбоо”-ны даргаар ажиллаж байгаад, “Говийн Наран” хоршооноос тэтгэвэртээ гарсан. Одоо бурханы оронд байгаа. Манайхан олуулаа л даа. Би айлын отгон нь. 


-Тэр үеийн сэхээтнүүд голдуу нэг, хоёр хүүхэдтэй байх нь элбэг таардаг. Танайх олуулаа байх нь ? 


-Манайх зургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй өнөр өтгөн айл. Манай хамгийн том ах одоо 60 настай, би хий насаараа 48-тай.Манай Дорноговьчууд манайхныг, намайг мэднэ л дээ. Хүүхэд байхдаа би нэг их цойлдоггүй ч, дундуур нь л сурдаг байсан. Олон хүүхэдтэй айлын бага болохоор сахилгагүй хүүхэд байлаа. Бөмбөгтэй л их нөхөрлөсөн дөө. Дөрөвдүгээр ангид сурч байхад маань манай энд Баатарзоригт гэж волейболын дасгалжуулагч багш байлаа. Волейболын дугуйланд анх ороход манай алдарт Халзан багш байж байсан. Ер нь хүүхэд насаа бөмбөгтэй өнгөрүүлсэн гэхэд болно. Анх 1988 оны Баянхонгор аймгийн Пионер сурагчдын спартикадад мөнгө, 1989 оны Улсын аваргын тэмцээнээс  хүрэл, 1990 оны үйлдвэрчний зөвлөлийн аваргын тэмцээнээс мөнгө ч гэдэг юм уу, бөмбөгтэйгөө нөхөрлөөд л яваад байсан. 1995, 1996 оны насанд хүрэгчдийн тэмцээнээс улсын аварга болж, 1997 онд насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль авч тус ондоо волейболын спортын мастер цолыг хүртэж байлаа. 1990 онд намайг 10 дугаар ангиа төгсөж байх үед конкурс гэж байгаагүй. Байр эзлүүлээд жагсааж оруулдаг болсон. Ганцхан 1990 онд л тийм үйл явдал болж байсан юм. Тухайн үед жагсаахад өндөр оноогоор жагсаж чадаагүй. Тэгээд намайг хувиар сонгохоор ороход Политехникийн дээд сургуулийн сантехник гэх мэт ангиуд л байлаа.


-Таны мөрөөдөл өөр байсан юмуу?


- Би эдийн засагч болчих юмсан гэж боддог байсан юм. Тухайн үед Санхүү, эдийн засгийн коллеж буюу одоогийн Санхүү, эдийн засгийн дээд сургуульд жагсаалтаараа орсон. Дээд сургуульд л орох нь зөв гэсэн тийм яриа манай ангийнхны дунд гараад байхаар нь аавтайгаа зөвлөлдөхөд “Чи эдийн засагч болно гэдэг юм чинь энэ сургуульдаа л ор. Санхүү, эдийн засгийн сургууль бол маш сайн сургууль шүү” гэсэн юм. Тэгээд  сургуулиа авчихаад, оюутан болоод Улаанбаатарт ирлээ. 1990 он,зах зээлийн нийгэмд шилжилтийн эхэн үе. Сүхбаатарын талбай  тэр аяараа бослого хөдөлгөөн байлаа. 1990 онд манай сургуулийн захирал Бадам гэж хүн байсан. 1991 оны сүүлээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Батжаргал захирал нар маань Цэргийн нэгдсэн дээд сургуулиас  манай сургууль руу шилжиж ирээд, Санхүү, эдийн засгийн коллеж боллоо.Ингээд оюутны амьдралд даслаа. Сураад байлаа. Төгсөхөд манай сургууль Санхүү, эдийн засгийн дээд сургууль болсон. Нэг ёсондоо би азтай. Хуучин жишгээр аймгийн Ахуй үйлчилгээний газрын зардлаар сургуулиа төгссөн. Тэр үед аймгийн Ахуй үйлчилгээний газар, Хөдөө аж ахуйн газар хоёр нэр дээрээ хүүхдүүдийг явуулж сургаж байсан.

-Тийм. Тэгээд төгсөөд очтол нөгөө ахуй үйлчилгээний салбар нь дампуурчихсан, ажиллах газар байдаггүй. Хуваарь цохогдоод Ахуй үйлчилгээний гурван давхар том байшиндаа иртэл цоожтой. Тухайн үед дарга нь Монхор гэж хүн байсан. Даргатайгаа ярьтал “Чи минь замаа бод. Шинэ газрууд бий болж байна” гэсэн юм. Тэгээд буцаж ирээд “Эм импекс”-т хоёр жил эдийн засагч хийж байгаад нутаг руугаа санхүүгийн хяналт шалгалтын байцаагч болоод очсон. Сургууль төгсөөд л нутаг орондоо өрөө төлөх гэж очсон бүтээгүй. (инээв) Ингээд үндсэндээ 2011 он хүртэл Дорноговь аймагтаа ажилласан. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны бүхий л шат дамжлагыг дамжсан. Байцаагчаас, Санхүүгийн хяналт шалгалтын газрын дарга болсон. Дараа нь аймгийн Засаг даргын Санхүүгийн хэлтсийн дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн Тамгын газрын дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга хийж байгаад 2011 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Хан-Уул дүүргийн МХГ-ын дарга, Нийслэлийн МХГ-ын санхүүгийн хяналт хариуцсан даргаар ажилласан. 2014 онд мэргэжлийн хяналтын системээс санхүүгийн хяналт тасарч, бас задарлаа. Бүх яаманд тарааж санхүүгийн хяналтыг задалсан. Нөгөө МИАТ, Цэвэр агаар сангийн хэргүүдээс болж үндсэндээ задарсан л даа. Тэгээд гарсан журмын дагуу доороо ажиллаж байсан 40, 50-аад мэргэшсэн нягтлангуудаа яамдуудад байршуулж өгөөд, өөрөө дарга нь байсан болохоор ажилгүй болсон. Тэгээд л хувийн хэвшилд хоёр жил ажилласан даа.


-Тэгж тараасныг мэргэжлийн хүмүүс эсэргүүцэж байхыг олон сонсож байсан. Та яаж хардаг вэ?


- УИХ-ын чуулган дээр Ш.Раднаасэд гишүүний ярьж байхыг сонсож байсан. Мэргэжлийн хяналтын системээс санхүүгийн хяналтыг салгаснаас болоод хяналт тавьж чадахаа болилоо гэж байна лээ.Хуучин 1997 билүү 1996 онд яамдад байсан хяналтуудыг нэгтгээд санхүүгийн яамны дэргэдэх хяналт болгосон. Одоо бүхий л улс орнууд хяналтаа нэгтгэж байна. Гэтэл манайх нэгтгэсэн хяналтаа задалсантай ялгаа байхгүй. Одоо та хараарай, ЭМЯ-д санхүүгийн хяналт, ХХААХҮЯ-д санхүүгийн хяналт яам дотор байж байгаа, санхүүгийн хяналтынхан яамныхаа хүмүүсийг шалгана гэдэг өрөөсгөл ойлголт биш гэж үү. Тийм ч учраас санхүүгийн сахилга бат, хяналт алдагдсан л гэж боддог. Тэгээд би хоёр жил хувийн хэвшилд ажиллаад, 2015 онд Дорноговь аймгийн МАН хуралдаад дарга цэргийнхээ асуудлыг хэлэлцсэн. Тэнд нэр дэвшээд нийт намын гишүүдийн саналын 96 хувийг авч, аймгийн МАН-ын дарга болсон.


-Намын даргын томилолтоо өвөртлөөд шууд нутаг руугаа явсан уу?


-Тийм ээ, шууд нутаг руугаа буцсан. Миний 80 гаруй настай ээж, ах дүү нар маань бүгд нутагтаа байдаг.Таван жилийн дараа нутагтаа намын дарга болоод очсон. 2016 оны сонгуульд оролцоод аймагтаа бүрэн ялалтыг байгуулсан. УИХ-ын хоёр мандатад бүрэн ялалт байгуулсан. УИХ-ын сонгуульд манайх сонин дүн гарсан. Б.Дэлгэрсайхан гишүүн маань нийт сонгогчдын 73 хувийн саналыг авсан. Энэ нь Монголд нэгдүгээрт бичигдэхээр санал. Нөгөө нэр дэвшигч 20 гаруй хувь, өөр нэр дэвшигч 5,6 хувийн санал авдаг ч гэдэг юм уу. Дорноговь аймгийн найман сум ороод Говьсүмбэртэй нийлээд нэг тойрог болдог юм. Г.Мөнхцэцэг гишүүн тэнд ялалт байгуулсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд манай нам бараг 100 хувийн ялалт авсан гэж болно. 10 дугаар сард орон нутгийн сонгууль болоход мөн л 90 гаруй хувьтай ялалт байгуулсан. Бид нэг баг болж, нэг зорилготойгоор орон нутгаа хөгжүүлэхийн төлөө амжилттай ажиллаж байна.

Мэдээж олон мөрөөдөлтэй ажиллаж байгаа байх. Ажлаа юунаас барьж авав?


-Сонгуульд ялаад Засаг дарга болоход хугацаа шаардана. Нөгөө хүн нь ажлаа өгнө. Засгийн болон намын удирдах зөвлөлийн хуралдаанаар орно гээд нэлээн юм болно. Тэгээд хүн чинь их олон зүйл боддог юм билээ. Надад ирсэн энэ итгэл найдварыг яаж хариулах вэ гэдгээс л эхэлсэн. Ажлаа аваад хаанаас, юунаас эхлэх вэ гээд их юм бодсоон. Өмнө нь алба ажил хашиж явахдаа ингэх юмсан, тэрийг тэгж өөрчлөх юмсан гэсэн бодлууд өчнөөн олон байсан боловч хэрэгжүүлэх албан тушаалын хүн биш байсан учир хэрэгжүүлж чаддаггүй байсан. Эдийн засагч хүний хувьд орлогоо нэмэгдүүлж байж аймаг орон нутаг бие даасан хөрөнгө оруулалт хийх бололцоотой гэдгийг аймгийн санхүүгийн хэлтсийн дарга, санхүүгийн хяналтын дарга байхаасаа олон жилийн өмнөөс боддог байсан. Жишээ нь, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын байна уу хамаагүй тэдгээр компаниудын нийгмийн хариуцлагыг өндөр болгоод, компаниудын шилжилт хөдөлгөөнийг Дорноговь аймагт бий болгоё гэсэн зорилт тавьсан. Үүнийхээ төлөө ажиллалаа. Үр дүн гарлаа. Ихэнх компанийг Дорноговь аймагт бүртгэлтэй болгоод тэдгээр компаниуд орон нутагт татвараа төлдөг болсон. Танд сонирхуулаад ярихад “МАК,  “Монцемент” зэрэг том компаниуд ХАОАТ, нийгмийн даатгалын шимтгэлээ орон нутагт төлдөг болсон. Бусад нүүрс зөөдөг компаниуд ч орон нутагт шилжиж ирсэн.


-Б.Дэлгэрсайхан гишүүн та хоёрыг хөрөнгө оруулагчдад хатуу ширүүн хандаж байна, хөөж загнаж байна гэсэн яриа гарч байсан. “Та нар татвараа төлж, Дорноговь аймагт хөлс хүчнийхээ дуслыг ч гэсэн дусааж, нэг ажлын байр ч гэсэн нэмэхгүй юм бол явцгаа” гэж хөөдөг тухай уншиж байсан. Ийм учиртай байж?


- 2016 онд ажлаа аваад дээрх зүйлсээс ажлаа эхэлсэн юм. Компаниудаа,  хүмүүсээ хариуцлагажуулъя, эндээс бүх юм эхэлнэ гээд зүтгэсэн. Удирдлагуудад нэлээн зоригтой өөрчлөлт хийсэн. Ер нь удирдлагын 90 хувийг өөрчилсөн байх. Тэтгэвэрт гаргахыг нь гаргаж, албан тушаал дэвшүүлэхийг нь дэвшүүлж, буулгахыг нь буулгаж, хүнд суртлыг арилгаж, иргэдэд хүрч үйлчилдэг болгосон. Уул уурхайн зөвлөгөөнөө хийж, нийгмийн хариуцлагын гэрээг анх удаа байгуулж эхэлсэн. Өнөөдөр бидний байгуулсан гэрээ 21 аймагтаа загвар болоод явж байгаа. Гэрээнд тавхан заалт л тусгаж өгсөн. Татварын тухай, ашигт малтмалын тухай хуулиар тэгнэ ингэнэ гэж айхтар нэг бүрчилж бичдэг. Бид тэгээгүй маш энгийн гэрээ хийсэн. Эхний ээлжинд сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, аймаг орон нутагт татвараа төлөх, байгаль орчинд ээлтэй ажиллах гэсэн ердөө л энэ зарчмуудыг хийж өгсөн. Хүн амын хувьд манай Дорноговь аймаг чинь байнга оршин суудаг 70 мянга, түр оршин суудаг 90 мянган иргэнтэй. Бас л том айл шүү дээ.


-Ер нь энэ бүс нутаг руу хүмүүс суурин амьдрахаар нүүж очиж байна уу. Эсвэл түр ажиллаж, ашиг олохоор очиж байна уу?


-Одоо ингээд харахад их сонин. Замын-Үүдэд цэргийнхэн, төмөр замынхан, гааль, хилийнхэн, мэргэжлийн хяналт, гадаадын харьяат гээд маш олон хүн амьдарч байгаа. Энэ хүмүүс тушаалаар ажилладаг учир шилжилт хөдөлгөөнөө хийхгүй байна. Иргэний бүртгэлийн хуулиар зургаан сараас дээш хугацаагаар бол сум орон нутагтаа байнгын оршин суугчаар бүртгүүлэх ёстой боловч манайхан  бүртгэлээ хийлгэдэггүй.
-Замын-Үүдийг харахад дотоодын цагаачид бужигнаж, ашгаа олоод буцдаг. Үндсэндээ явуулын хүний хоноцын сэтгэлгээ түгээмэл байх шиг. Ер нь танай говийнхон дотоодын цагаачиддаа хэр дуртай байдаг вэ?
-Яг үнэнийг хэлэхэд манайхан баруун, зүүн аймгууд шиг энэ гадных, тэр дотных гэж ялгадаггүй. Дорноговь аймаг анхнаасаа төмөр зам дагасан, хамгийн урт төмөр зам, авто замтай, хилийн хоёр боомттой олон хөлийн газар. Тийм учраас төмөр замчдын үр удам энэ нутагт олон. Хилийн цэргийн гурван том отряд, Зүүнбаянгийн том дивиз байсан, тэдний үр хүүхдүүд мөн байна. Хил гаалиар ажиллаж байсан болон Монголросцветмет нэгдлийн том том жоншны үйлдвэрүүдэд ажиллаж байсан хүмүүсийн үр удмууд ч бас бий. 


-Социализмын үед илгээлтийн эзэд ирснээр одоогийн уугуулуудын өндөр хувь бүрдэж байсан байх. Уг нь зам дагаж хөгжил гэдэг. Гэтэл танайх их өөр философитой аймаг шиг санагддаг?


-Тийм. Замын-Үүд жишээ нь их сонин газар. Шинэ жил болоход тэнд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, тэнд Завхан, энд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл шинэ жил хийж байна гэж дуулддаг. Гэтэл анх бол яг л таны хэлснээр 21 аймгийн хүмүүс хүсэл мөрөөдлөө тээгээд ирж ажиллацгаасан. Одоо тэдний үр хүүхдүүд нь ажиллаж амьдарцгааж байна. Одоо ч Замын-Үүдэд 21 аймгийн хүмүүс амьдарч, ёстой нөгөө бүх Монголчуудын холимог бүтэц л энд байдаг. Энэ жил бид хамгийн их хөрөнгө оруулалтаа Замын-Үүд рүү хийсэн байгаа.


-Өнгөрсөн жилийг Дорноговь аймаг “Бүтээн байгуулалтын жил” гэж зарласан байсан. Нэлээд ажил амжуулсан байх?


-2017 оныг бүтээн байгуулалтын жил, 2018 оныг хүний хөгжлийг дэмжих жил болгосон. Ер нь Замын-Үүд рүү анхаарал их хандуулсан. Бид нар өмнөх онд 960 хүүхдийн сургууль, 500 хүний суудалтай спорт цогцолбор,100 хүүхдийн цэцэрлэг мөн УИХ-ын гишүүнтэйгээ, нутгийн зөвлөлтэйгээ хамтраад 284 айлын иж бүрэн үйлчилгээний төвтэй орон сууц ашиглалтад оруулсан.
-Яг Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг бол тусгайлан зорьж  үзээгүй. Энэ жил зориуд явж Ордосыг үзээд үнэндээ уур хүрээд ирсэн. Эрээн ч ямар их өөрчлөгдсөн юм. Замын-Үүдэд буугаад л шороонд булуулаад эхэлж байгаа юм. Орох тохь тухтай цайны газар ч олдохгүй.
-Та зорьж ирж үзээрэй. Мэдээж гэнэт шил толь шиг болчихгүй ч бид ажиллаж л байна. 


-Дорноговь аймагт олон жилийн дараа ирээд харахад сайхан хөгжсөн байна. Улаанбаатарын ямар ч зочид буудлаас дутахгүй буудлууд баригдсан байна.  Гоё  усан бассейнтай болж. “Ургах наран” цэцэрлэг, “Мандах наран” эмнэлэг гээд олон газраар орлоо. Энэ эмнэлэг, цэцэрлэг хоёрыг танай гишүүн УИХ-д орохоосоо өмнө хувийн хөрөнгөөрөө бариад аймагтаа бэлэглэсэн гэхийг сонслоо. Энэ үнэн үү?


-2015, 2016 онд Б.Дэлгэрсайхан гишүүн маань Замын-Үүдэд 150, Дорноговь аймгийн төвд 150 хүүхдийн цэцэрлэг, мөн Анагаах ухааны коллежийн түшиц болгож “Ургах наран” эмнэлгийг хувийн хөрөнгөөрөө бариад төрд хүлээлгэж өгсөн.


-Зах зээлийн нийгэмд хачирхалтай явдал юм. Хувийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд, тэрийгээ үнэ өртөггүй улсад өгнө гэхээр нэг л буухгүй. Цахим сүлжээгээр буцаагаад төрөөс мөнгөө авч байна гэж цацагдаж харагдсан?


-Сошиалаар Б.Дэлгэрсайхан гишүүн буцаагаад мөнгөө авч байна гэсэн зүйл яваад байгаа. УИХ-ын гишүүн болоогүй байхдаа бэлэглэсэн зүйл. Хүний нэрийг харлуулах ч амархан болж дээ. Гэхдээ манай аймгийн иргэд бол хэн юу хийж байгааг мэдэж байгаа.


-Тэгээд яагаад танай гишүүн огт дуугардаггүй юм?


-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс жаахан хол хүн шүү дээ. Би танд тайлбарлаж өгье. 2013 онд Замын-Үүдэд “Шинэ сум” төслийн хүрээнд Соёлын төв барих гээд 2,7 тэрбум төгрөгийг нь аваад гацаачихсан байсан. Би ажлаа аваад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад энэ барилгыг цаашид үргэлжлүүлж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Барилга 5,8 тэрбум төгрөгөөр босох ёстой байсан ч харамсалтай нь нөгөө хүмүүс нь 2,7 тэрбумыг нь авчихсан. Цаана нь 3,1 тэрбум үлдсэн. Замын-Үүд бол 30 мянган хүн амтай том хот. Гэтэл Соёлын төв, Спорт заал байхгүй. Тэгээд бид үлдэгдэл мөнгөөр нь соёлын төв, спорт заал барья гэсэн санал тавихад Сангийн сайд зөвшөөрсөн. Та нар  “мөнгөө олоод барь. Энэ жил 600 сая төгрөг байна. 2020 он хүртэл үлдэгдэл мөнгийг цувуулж өгнө. Наана нь барих компаниа ол” гэсэн. Тэгээд бид хөөцөлдөж байгаад Хөвсгөл аймгийн Тариалан суманд баригдах гэж байсан 500 хүний суудалтай Соёл спортын төвийн зургийг нь татаж, Замын-Үүдэд үлдэгдэл мөнгөөр нь адилхан соёл, спортын төв барихаар боллоо. 5.8 тэрбум төгрөгөөр барих гэж байсан барилгыг 2.7 тэрбумыг нь аваад баахан бетон буулгаад хаячихсан. Мэргэжлийн байгууллага очоод шалгахад бүх зүйл нь стандарт хангаагүй байсан. Буулгах шийдвэр гаргасан. Сангийн сайд, БХБ-ын сайд “Та нар үлдэгдэл 3,1 тэрбум төгрөгөөр нь барь” гэсэн. Тэгээд гишүүнээс “Та мөнгийг нь гаргаад бариад өгчих. Замын-Үүд хэцүү боллоо. Ядаж хэдэн хүүхэд зориулалтын спорт зааланд тоглох, бусад арга хэмжээгээ ч явуулдаг болох бололцоог гаргаж өгөөч. Бид дараа жил 2019 онд танд мөнгийг олж өгье. Сангийн сайд, БХБ-ын сайд нар зөвшөөрсөн” гээд бичгийг нь үзүүлсэн. Тэгээд гишүүн 2,9 тэрбум төгрөг гаргаад 2018 онд энэ барилгыг барьж өгсөн л дөө. Нөгөө мөнгө нь 2019 оны Улсын төвлөрсөн төсөвт Замын-Үүдийн Соёл спортын төвд тэдэн төгрөг гээд тавигданаа даа. Гэтэл нэг хүн сошиалд “Дэлгэрсайхан 2018 онд Соёл спортын төв барьж өгчихөөд 2019 онд мөнгөө авахаар тохирсон байна” гэсэн мэдээлэл тараасан. Энэ хүн гурван том объект барьж бэлэглэсэн хүн шүү дээ. Замын-Үүдийн иргэд энэ хийгдсэн бүтээн байгуулалтуудад маш их баяртай байгаа. Бид ч баяртай байна. 2019, 2020 онд мөнгийг нь цувуулж өгөөд дуусгах ёстой. Ийм л учиртай юм. Мөн Замын-Үүдэд доороо 100 хүүхдийн цэцэрлэгтэй орон сууцны хороолол ашиглалтад орсон. Аймгийн төвд гурван хороолол, Замын-Үүдэд нэг том хороолол баригдлаа. “Мандахнаран” 1, 2, 3 дугаар хорооллууд ашиглалтад орсон. “Мандах наран” 2,3 дугаар хорооллуудын дунд бас цэцэрлэг бий.


-Танай аймаг ингэхэд ямар олон цэцэрлэгтэй юм бэ. Цэцэрлэгийн хүртээмж хэр байдаг вэ?


-Аймгийн хэмжээнд бол нийт 42 цэцэрлэг байгаа. Үүнээс 10 цэцэрлэгийг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулсан. Тиймдээ ч цэцэрлэгийн хүртээмж 98 хувьд хүрсэн. Ер нь хүн ам нэмэгдэж байгаа. Замын-Үүдэд дахиад гурван цэцэрлэг барьж байж энэ асуудлыг шийднэ.  Миний түрүүнд дурьдсанчлан түр оршин суугч гээд хил, гааль, цэргийнхний хүүхдүүдийг авахгүй байж болдоггүй, авахаас өөр аргагүй. Одоо  дөрөв дэх хороолол нь аймгийн төвд энэ жил ашиглалтад орох гэж байна. Намын мөрийн хөтөлбөр, УИХ-ын гишүүний мөрийн хөтөлбөр, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ бүх бүтээн байгуулалтууд хийгдэж байна. 

-Монголд байхгүй байрны хямд үнэ дуулдах юм. Байрны захиалга хэр байх уу?


-Тийм ээ, Дээр хэлсэнчлэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар 1000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа аймгаас дэд бүтцийг нь шийдвэрлэж өгч байгаа. Одоогоор 840 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Оны өмнө Замын-Үүдэд 280 айлын орон сууцаа ашиглалтад оруулаад, 800 гаруй хүн бүртгүүлээд сүүлдээ сугалаагаар шийдсэн. Нэг м.кв нь 650 мянга шүү дээ. 


-Энэ чинь алдагдал. Бусад газарт барилга барих компаниуд яах юм. Зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөр, нутгаа бодсон үзлээр хандсан төсөл юм шиг санагдаж байна. Ажил хөдөлмөр хийж байгаа, бизнесийн арай өргөн орчинд байгаа хүмүүс ядаж нэг сая төгрөгөөр авч болдоггүй юм уу. Манай сэтгүүлчид гэхэд м.кв нь нэг сая төгрөгөөр байр авах гээд урьдчилгаа хийх мөнгөгүй гүйлдэж байна?


-Сонгуулийн өмнө манай УИХ-ын гишүүн, бид хэд сууж байгаад мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тэгээд хайрга, элс, шороог орон нутгаас үнэгүй өгнө, дэд бүтцийг орон нутгаас мөнгийг нь гаргаж барина, та зоригло гээд, тооцоолж, тооцоолж 695 мянган төгрөг билүү үнэ гарсан. Гишүүн мөрийн хөтөлбөр дээрээ “650 мянга гэж хийе, бололцоотой юм байна” гэсэн. Тэр үед цементийн үйлдвэр ашиглалтад ороогүй байсан үе л дээ. Гэхдээ хоёр цементийн үйлдвэр ашиглалтад орохоор бид тооцоолж 60 километрээс цементээ татна гээд шийдсэн. Мэдээж энэ бүхэнд гишүүн өөрөө бизнесийн салбараас орж ирсэн хүн болохоор илүү том харж хөдөлсөн. 


-Дорноговь аймгийн гэрэлтүүлэг их сайн болсон байна лээ. Хүмүүсийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нэмэгдэж. Та хоёрын юу хамгийн их нийлдэг вэ. Мэдээж нэг нутаг орны хүмүүс, бие биенээ мэднэ. Нэг намын хоёр байж болно. Гэхдээ хувь хүнийхээ хувьд хоёулаа ууртай, их ширүүн гэж сонссон?


-Айхтар ууртай ч юу байхав. (инээв) Ер нь энэ нутаг орныг эзэнтэй, Аймаг орон нутагт бизнес эрхэлж байгаа атлаа татвар төлөхгүй, ажилчдаа гадна, дотноос татаад, газар шорооны ажилд явдаг машинуудаа хүртэл ажиллуулахдаа сэтгэл гаргахгүй, Улаанбаатарын дугаартай машинаар дүүргээд байх нь надад бол сонин харагддаг. Хэрэв энэ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол нутаг орны хууль журмаар явна засаг захиргаа байдаг шүү гээд л үзэлцсэн. Тэрнээсээ болоод сонин хэвлэлүүд дээр хүртэл бичигдэж их ч эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Улаанбаатар хотын компаниуд намайг сонин дээр “Монгол Улсын компани хаана ч татвараа төлж болно. Дорноговийн Засаг дарга биднийг зөвхөн Дорноговьд татвараа төл гэж байна, машины номерыг хүртэл заавал Дорноговийн дугаартай машин ав гээд байна” гэж бичиж байсан. Хэрэв Дорноговийн дугаартай машин явбал өөрөө явагч хэрэгслийнхээ албан татварыг аймагт төлбөл бид түүгээр нь замаа засаад гэрэлтүүлгээ хийдэг баймаар байна. ХХОАТ нь аймагт үлддэг бөгөөд бид тэр татвараар бүтээн босголтоо хийдэг энэ бол энгийн зарчим юм. Бүх юм нэг тийм хууль ёсгүй, дүрэм журамгүй яваад байж болохгүй биз дээ. Хэдий болтол тийм байх юм. Тэгээд тэмцэхээр, шаардлага тавихаар эсэргүүцлээ илэрхийлж хэвлэл мэдээллээр, сошиалаар далайлгадаг. Ийм жишиг манай улсыг бараг бүхэлд нь хэрчихэж. Ажил хий гэж надад үүрэг өгсөн учир болохоос нь эхлээд болохгүйг нь хүртэл явах ёстой. Бид одоо ажил хийдэг орон болмоор байна. Амаараа л ярьдаг улсууд баймааргүй байна шүү дээ. 


-Гэрэлтүүлэгт бол маш их хөрөнгө орно биз?


-Тийм. Гэхдээ бид хөрш зэргэлдээ Эрээн хот, Шилийн гол аймаг, Бугат хоттой хамтын ажиллагаа сайтай. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг хүний харилцаан дээр л байдаг. Хичнээн дипломат зан гаргаж, наашаа цаашаа бололцох нь сонин биш. Хүний дотно харилцаа, ойлголцох түвшин, бие биенээ хүндэтгэх сэтгэл маш их үүрэгтэй. Хүн төрөлхтний амьдрал хувь хүмүүсийн харилцаан дээр л тогтдог. Олон улсын жишиг, дипломат ёс жаяг, нийтлэг хүний хорвоогийн ёс суртахуун гэх мэт үнэт зүйлсийг хөл дороо шидчихээд хөрөнгө оруулалт татна гэж байхгүй. 


-Манайхан ч шидчихээд байна л даа. Бараг гурван тэрбум төгрөг гэрэлтүүлэгт зарцуулсан гэж сонссон. Яаж энэ хөрөнгийг босгов?


-Гэрэлтүүлэг өөрөө үнэтэй технологи. Усан оргилууртай, том цагтай талбай, саравч, гэрэлтүүлэг бүгд ороод цогц болж шийдэгдэж байгаа юм. Энэ жил Замын-Үүдэд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дээрээс нь ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Эрээн хотын удирдлагууд бас яг түрүүн ярилцлагын өмнө таны хэлсэнтэй адилхан үг хэлж байсан.  “Замын-Үүдийг танай гишүүн та хоёр л гоё болгох гээд байх юм. Улс чинь мөнгө өгөхгүй. Гэтэл манай Эрээн хот БНХАУ-ын том боомтын жагсаалтад орсон байдаг учраас манай улсын бодлогоор албан ёсоор төсөв мөнгө нь тусгагдсан байдаг. Танайх болохоор гишүүн нь, Засаг дарга нь л тийм юм, ийм ч юм хийх гэсэн юм, та нар тусалчих гээд яваад байх юм гэж. (инээв)


-Бид нүүгээд явчихна гэж байхгүй. Ялангуяа хөрш орнуудтайгаа харилцах харилцаан дээр бид энгийн зүйлсээсээ эхлээд өөрчлөх зүйл их.  Яг энэ торгон хилийн зааг дээр байдаг том бүсийг удирдаж байгаа хүний хувьд иргэдийн ухамсраас үүдэлтэй тэр ужиг байдлыг та яаж зохицуулдаг вэ. Эрээн хотын дарга нар ямар нэгэн гомдол хэлдэг үү?


-Яг тантай санал нэг байна. Хамгийн их санаа зовж, сэтгэл өвддөг зүйл бол энэ сэдэв. Телевизүүдээр янз бүрийн буруу ташаа мэдээлэл их гарна. Үзэж байхад “муусайн хятадуудыг зайлуул” гээд л яриад байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа, удирдах албан тушаалын хүмүүс хүртэл тийм юм яриад байдаг. Заримдаа ч нүүр улалзахаар байдаг юм. Бид олон улсын харилцааны асуудал дээр учиртай баймаар байна. Дэлхий даяар л улс орнууд хил залгаад оршиж байна. Харилцан наймаа худалдаагаа хийгээд. Эрх ашгаа мартчихаад дур зоргоороо орилолдож байдаг улсууд одоо ховор шүү дээ. 

-Өдөрт Замын-Үүдээр хичнээн хүн орж гардаг вэ?


-Өдөрт 8000-13000 хүн, 200-300 автомашин гарч байна. Мөн том оврын машин гарахаас гадна төмөр замаар хүмүүс гардаг. Энэ чинь олон улсын боомт. Өмнөговь аймгийн боомт бол хоёр улсын боомт. Энэ бол Ази, Европыг холбосон боомт. Эндээс Зүүн өмнөд Азийн болон Европын гуравдагч орны бараа транзит тээврээр гарч байдаг. Харилцаа, хандлагын түвшин дээр гардаг сөрөг зүйлсийн хувьд тантай санал нэг байна. БНХАУ-ын манай хил залгаа байгаа аймгуудад чинь голдуу Өвөрмонгол хүмүүс амьдардаг. Одоо ч гэсэн Өвөрмонголчуудаа өмхий хужаа гээд л байдаг. Надад нэг Өвөрмонгол хүн “Биднийг хятадад Өвөрмонголчууд гээд ад үзээд байдаггүй. Харин бид монголдоо ирлээ гээд баярлаад гадуур явахаар иргэд өмхий хужаанууд гээд доромжлоод байдаг.” гэж. Тэгээд л нүүрээ улайлгаад  “Манайхан бүгдээрээ тийм биш ээ, ганц нэг л тийм хүмүүс таарна” гээд л тайлбарладаг юм. 


-Эрээнд явдаг танай Замын-Үүдийн хүлж баглачихсан, далбайж салбайчихсан машинуудыг та цэгцлээч. Хэдэн жолооч хараана л биз. Монгол дугаартай машинууд тэгж явах нь үнэхээр муухай харагдах юм билээ?


-Санал нэг байна. Үүнийг цэгцлэх гэж хоёр жил хөөцөлдөж байна. УИХ-ын гишүүн бид хэд цэгцлэх гээд үзээд байна. Гурван улсын протокол байдаг юм. Үүнийг өөрчлүүлэх гээд бид Д.Цогтбаатар сайдад албан бичгээ өгсөн. Өмнө нь хоёр гурван удаа бичиг өгсөн. Ерөнхий сайдад мөн хүргүүлсэн. Албан бичгийн ерөнхий утга нь хилийн боомтоор зөв талдаа хүрдтэй гуравдагч орны машиныг явуулахыг зөвшөөрч өгөх ба ойрын хугацаанд шийдэгдэх байх гэж найдаж байна. 2016 оноос хойш хөөцөлдөж байгаа. 1990-ээд оны үеэр арьсан дунд бенз зэрэг машин хийгээд хилээр их гаргасан байсан юм билээ. Тэгээд л Орос, Монгол, Хятад гурван улсын тэрэг л энэ хилээр гаргана гэсэн баримт бичиг гаргасан байдаг. Одоо цаг үе өөр болчихсон. Хятадуудын амьдрал ямар түвшинд хүрсэн байна. Сая Хятад улс 10 жил ашигласан машиныг зам дээр явуулахгүй гээд журам гаргачихлаа шүү дээ.


-Эрээний нэг албаны хүн “Эрээн хот чинь зөвхөн Монголчууд та нарт зориулсан хот биш. Бид сая сая жуулчин хүлээж авч байна. Танай энэ машинууд л болимоор байна” гэж хэлж байсан. Санаа зовмоор л юм билээ?


-Надад тэдэн сарын тэднээс зогсоолоо гэсэн нот бичиг ирдэг. Тэгээд л нөгөө УАЗ-469 машинуудыг боогоод, хил хаана барина болоод явдаг. Тэр болгонд Хятадын удирдлагууд дээр очиж гуйна. Хүний амьдрал цаана нь байгаа учир та хугацааг хэсэгхэн  сунгаад өгөөч гээд л сунгуулна.


-Гэтэл тэдэнтэй  том асуудлууд ярьж баймаар байна шүү дээ. Бизнес ярьж баймаар байна. Ичмээр ч юм даа. Яг танай орон нутгийн иргэд бол хятадуудтай гайгүй харилцаатай байна биздээ. Түр оршин сууж байгаа болон төвөөс явж байгаа хүмүүсийн л зан үсрээд байдаг байх?


-Яг тийм. Манай Дорноговьчууд өдрийн аялал жуулчлалыг нээгээд өгөөч, илүү аймаг орон нутгаа хөгжүүлмээр байна гэсэн л санал тавьж байгаа. 2016 оноос хойш Д.Оюунхорол сайдаас эхлээд л Н.Цэрэнбат сайдад нэг өдрийнхөө аялал жуулчлалыг нээгээд өгөөч гэж хүссэн гэвч улсаас өдрийн аялал жуулчлалыг огт нээж өгөхгүй байна. Хуучин нэг өдрийн аялал жуулчлал байсан боловч АСЕМ болно гээд хаачихсан. Тэрнээс хойш нээж чаддаггүй. Нээх зоригтой хүн алга даа.


 -Ордост очиж Чингис хааны бунхан гээд нэг цогцолбор үзлээ л дээ. Наашаа ирээд бас Хамарын хийдийг зориуд үзлээ. Бас л өөрчилж тордсон байна. Уг нь нэг өдрийн аяллын маршрутыг нээвэл орон нутагт  орлого нэмэгдэнэ. Танайх улсад хэд орчим төгрөгийн татаас өгдөг вэ. Мөнгө өгдөг хоёр гурван аймгийн маань нэг шүү дээ ?


-Манайх 3.1 тэрбум төгрөгийн татварыг энэ жил улсад өгсөн. Улсад татвар өгдөг Орхон, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул гээд хэдхэн аймаг бий. Бусад аймаг нь татаастай. Миний түрүүнд хэлсэнчлэн орлогоо нэмбэл татвараа өгөөд үлдсэнээр нь бүтээн байгуулалт хийнэ. Аялал жуулчлал эрхэлж байгаа хүмүүс санал тавьж байна. Хоёр жилийн өмнө судалгаа явуулахад Дорноговь аймгийн бүс нутагт БНХАУ-ын Өвөр Монголын иргэд хамгийн их аялах боломжтой гэсэн дүн гарсан юм билээ. Түүнээс хойш гурван өдрийн аялал жуулчлалыг нээж өгдөггүй юмаа гэхэд нэг өдрийн аялал жуулчлалыг нээгээд өгөөч гэсэн саналыг бид тасралтгүй  тавьж байгаа. Өглөө ирлээ, хилийн баганын хажууд зургаа авахуулж, буудалд бууж монгол хоол ундаа зооглоод, дэлгүүр хэсч ах дүү хамаатан садандаа юмаа аваад гараад явчихаж байгаа юм. Хэрэв бүлэг аялал жуулчлалын эрхийг өгч чадахгүй бол нэг өдрийнхийг өгөөч гэж бид хүсэж байгаа. Бүлэг аялал жуулчлалын эрхийг нээгээд өгвөл Хамарын хийд, Даланжаргалан суманд байрлах Их Нартын байгалийн цогцолбор газар, Эрдэнэ сумын нутагт орших Бүрдэнэ булгийн элсэн сувилал гэх мэт газрыг аялагчид үзэж сонирхоно. Өвөр Монголчууд ч гэсэн Монгол хүн учраас манайхтай адил уул хаданд гарч хийморио сэргээдэг заншилтай юм билээ.


-Олон жилийн дараа галт тэргээр явахад манай хил, гаалийнхны дээрэнгүй, бүдүүлэг харьцаа өөрчлөгдөөгүй л байна. Нэг баярлаж байгаа зүйл гэвэл энэ боомтод хэрэг зөрчил багассан гэх мэдээ байна. Төрийн үйлчилгээний соёлыг яаж сайжруулах гэж байна. Энэ жилийг танай аймаг ямар жил болгож, зарлав?


- 2019 оныг манай аймаг Гэр бүлийг дэмжих жил болгосон. Хэрэв хөрөнгө нь байвал материаллаг зүйлсийг хийж болж байгаа ч хүн рүүгээ чиглэсэн ажил хийхгүй бол болохгүй байна. Манай гаалийн барилга гэхэд ямар инээдтэй гэж санана. Хүн нь багтахгүй, орон сууц байхгүй. Тиймээс бид хилийн том цогцолбор барина. Хилийн цогцолбор баригдвал үйлчлүүлж байгаа гадна, дотны хүмүүс тав тухтай байна. Богинохон хугацаанд бид аль чадахаараа хичээж ажиллалаа. Хоёрхон жилийн хугацаанд 800 гаруй айлыг орон сууцанд орууллаа. Энэ жил нефтийн үйлдвэрийн 540 айлын орон сууцны ажлыг эхэлнэ.


-Ерөнхий сайд “Дорноговь аймаг үйлдвэрлэлийн том бүс нутаг болно” гэж зарласан. Мэдээж үүний өгөгдлүүд нь бүгд байгаа. Түрүүчээсээ явагдаж байгаа ажил, хийгдсэн ТЭЗҮ, хөдөлсөн юм юу байна?


-Ер нь хөдөлсөн. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр Нефть боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхлээд, дэд бүтэц нь хийгдээд дуусч байна. Замын далан шорооны ажлууд хийгдчихсэн, одоогоор 2-3 километр дэвсэгдчихсэн болохоор төмөр замыг удахгүй дуусгана.. Агаарын шугам татагдаад дуусна. Энэ мэт том бүтээн байгуулалт явагдаж байна. Хоёрдугаарт, Ложистикийн төв энэ жил ашиглалтад орсон. Та очиж үзээрэй. Хятад руу бид нарийн цариг гээд хэл ам татлаад байдаг даа. Одоо тийм зүйл байхгүй. Хятадаас орж ирсэн бараа таваар нарийн царигаар орж ирээд шууд тэр Ложистикийн төв дээр буух боломжтой. Монголоос орж ирсэн барааг өргөн царигийн талбай дээр буунгуут нь өргөж аваад шилжүүлээд тавьчихна. Өргөдөг хоёр ч том дүүжин крантай. Түрүүнд та ярианаас өмнө асууж байсан, Ханги-Мандал, Зүүнбаянгийн Ази, Европыг холбосон төмөр зам ганцхан гарцтай. Сэлэнгээс орж ирээд тасралтгүй явсаар Эрээн рүү гараад явчихдаг ганцхан гарцтай гээд.  Одоо хоёр дахь гарц Ханги-Мандал цаана нь Бугат гээд том хот байна. Дорноговь аймгийн Сайншандаас салаад Хатанбулаг, Хөвсгөлөөр дамжаад Бугат хот орох хоёр дахь боломж бий. Нэгдүгээрт, Европын холбооноос явуулж буй транзит тээврийн ачаа нэмэгдэнэ. Хоёрдугаарт, манай улсын гадагшаа гарч буй экспорт, импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Ази, Европыг холбосон төмөр зам маань Хятад руу гарах гарцтай болж байна. Энэ төмөр замыг барих юм бол 10 зөрлөг, хоёр өртөө баригдана. 700 гаруй төмөр замчид ажиллана. Мөн манай урд талын сумдад буй нүүрс, төмөр гээд янз бүрийн ашигт малтмалуудыг хамгийн богино, ойрхон зөрлөг дээрээс ачих боломжтой. Үүний ТЭЗҮ нь хийгдээд, замын маршрутаа хийсэн байгаа. Энэ жил ажил маань эхэлчих болов уу гээд хувьдаа баяртай л байгаа. Эхэлчихээсэй гээд залбираад л байж байна. Манай сумдын иргэд “энэ төмөр замаар чинь ачаа зөөхөөс гадна, зорчигч тээвэр явна биз дээ” гэж их асууж байгаа, мэдээж явна. Манай Хатанбулагийн иргэд вагондоо суугаад хот руу орно шүү дээ.

-“Шинэ сум” төсөл танайд эхлээд гацчихсан юм байна?


-Түрүүн би ярьсан. Харамсалтай нь үр дүн байхгүй. Ажил болсон бол мэдээж хичнээн сайхан.


-Та энэ тухай өмнө нь ярьж байсан уу. Одоогийн Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл шүү дээ. Өмнө нь сайд байхдаа явуулсан бодлого нь доод шатанд ингэж замхарсныг мэддэг болов уу? 


-Аймаг тендерээ дандаа Улаанбаатар хотын компаниудыг шалгаруулж, тэд нь иймэрхүү хүний байдлаар хандсан. Өгч байсан санхүүжилтийг нь төслийг хэрэгжүүлж байсан буюу барьж байсан компаниуд нь идээд, барилгын ажлаа хагас дутуу хаяад алга болчихсон.
Томоохон бүтээн байгуулалтын ажил өртөг өндөртэй байдаг учраас орон нутгийн компаниудын маань санхүүгийн чадамж хүрэлцдэггүй гээд тендерт хасагддаг. Санаагаар болдог бол аймгийнхаа бүтээн байгуулалтын ажлуудыг бүгдийг нь орон нутгийн компаниудаараа хийлгэмээр байна. Орон нутгийн хүмүүс бол сэтгэлээсээ хийнэ, ядаж л эргээд хариуцлага тооцоход амар. Өнөөдрийн байдлаар аль ч аймагт Улаанбаатар хотын компаниуд ирж юм хийнэ, хийх нь муу, эргээд хариуцлага тооцъё, засварлуулъя гэхээр олддоггүй. Өмнө хийгдээгүй, орхигдсон ажлууд их бий шүү дээ. Бас улсын чанартай ажлууд дээр Барилга хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төвөөс хяналтаа тавьдаг, гэтэл хяналтаа өдөр тутам тавьж чаддаггүйгээс барилгыг чанар стандартаар барьдаггүй. Уг нь орон нутагт хийгдэж байгаа ажлуудыг аймагтаа хяналтаа тавьчихвал барилга царцаагдах, зогсох асуудал үүсэхгүй шүү дээ. 
-Уг нь концертын гоё танхим гэх мэт бүтээн байгуулалт хийвэл гадаадын жуулчдад зориулсан олон сайхан хөтөлбөрүүд тавигддаг, соёл урлагийн том төв бий болох боломж зөндөө байдаг. 
-Яг тийм. Замын-Үүдэд өчнөөн юм хийх өгөгдөл нь байна. 30 мянган хүн амтай газар шүү дээ. Хажууд нь Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь аймаг хэдэн мянган хүнтэй билээ дээ.
-Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэдэн удаа танайд ирсэн бэ?
-Ерөнхий сайд хоёр удаа, Ерөнхийлөгч нэг удаа ирсэн. Бид дэд бүтцээ хөгжүүлж байж энэ боомтоо олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ. 
-Уг нь алтан боомт. Бидэнд өгдгөө өгсөн газар. Улс бодлогоор хүч хаяж байгаад загвар хот болгомоор байна. Хуучин хийчихсэн төмөр зам, дэд бүтцээ хаялтай нь биш дээ. 
-Би нэг юманд баярладаг. 2016 оны 7 дугаар сарын сүүлээр ажил авч байлаа. 2016 онд бүхий л бодлого шийдвэрүүд гарсан. Дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлүүд, сум орон нутгийн бодлогын чиглэлүүдээ батлуулж авсан. 2016 оны төсвийг урдах засаг дарга маань сонгуулийн жил байсан учир дуусгачихсан байсан. 2017 оноос ажлаа эхэлсэн гэсэн үг л дээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 5,3 хувьтай гарсан. Ажил хийсний үр дүн гарч байна.


-Танайд бүтээн босголт хийх хүчин чадалтай томоохон компаниуд хэр их байна?


-Байгаа. Олон бий. 


-Ажлын байр бий болгох нь таны мөрийн хөтөлбөрийн нэг гол зорилт юм билээ. Хэр үр дүн гарч байна?


-2017 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 5,3 хувьтай гарсан гэж хэлсэн. Гэтэл аймгийн эдийн засаг 8,3 хувьтай гарсан. 2018 оны жилийн эцсээр улсын эдийн засаг 6,6 хувийн өсөлттэй гарлаа гээд баяр болж байхад аймаг 9,1 хувийн эдийн засгийн өсөлттэй. 2017 онд 1600 гаруй ажилтан ажилд оруулсан бол 2018 онд 2600 хүнийг ажлын байраар хангасан. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд маань ажилтай, орлоготой болж байгаа. Цаашид ч нэмэгдэнэ.


-Бид бүтээн байгуулалт гэж их ярьдаг боловч гол нь цахилгаан үйлдвэрлэж чаддаггүй, нефтьгүй. Танай салхин паркийг үзсэн. Хүчин чадлын хувьд хэр вэ ?


-Монголын хамгийн том гэгдэх 55 мвт-ын “Сайншанд” салхин паркийн төсөл Сайншанд суманд хэрэгжиж байна. Төслийн үр дүнд 117.5 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэхээс гадна шинээр бий болгох ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж байгаа нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлнэ.100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн Замын-Үүдэд 15, Сайншандад 35 мВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орсон байгаа.


-Их улс төрийн хаялга доошоо гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа хүмүүстээ эрх чөлөө өгдөггүй, юм хийлгэдэггүй нэг муу тал бий. Гишүүнийхээ амыг хараад л. Гайгүй хүн сумдад удирдлагаар тавья гэхээр гишүүн нэг юм хэлдэг гээд л зовлон хаа сайгүй яригдах юм. Та жишээ нь, сумдынхаа Засаг дарга нарыг сонгохдоо өөрийнхөөрөө хандаж чадсан уу.  Энэ бүтээн байгуулалтуудыг хийхдээ бодсоноороо эрх чөлөөтэй ажиллаж чадсан уу?


-Чадсан. Б.Дэлгэрсайхан гишүүн албан тушаалын томилгоонд оролцдоггүй. Би өмнөх П.Ганхуяг даргыг юм хийж чадаагүй нь тиймэрхүү барьцаалагдсан байдлаас нь болсон байх гэж боддог . Хоёрдугаарт, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурван  удаа огцорсон Засаг дарга шүү дээ. Тогтворгүй байдалд хөгжил байхгүй. Манай гишүүний хувьд нэг л юм хэлдэг. “Энэ дээр улс төрийн ямар ч бужигнаан болж байсан орон нутагт тусч болохгүй. Орон нутагт улс төржлөө гээд Дорноговь аймагт хожих юм байхгүй” гэдэг. Боловсон хүчнээ сайн таньж мэдэр, тэгээд зоригтой ажилла л гэж анхнаасаа хэлсэн. Бидний дунд зарчим их тодорхой байдаг. Тиймдээ ч аль аль шатандаа нэг баг болж ажиллаж чаддаг. 


-Илүү арилжаа наймаа хөгжсөн, тэр бизнесийг дагасан хурд, рейтинг нь өндөр бүс нутаг болохоор юун Улаанбаатарын улс төрийг тоох манатай байгаад сурчихсан газар уу?


-Яг тийм. Ер нь манай говийнхны ч үндсэн зан характер байх. Баргийн юманд ханардаггүй. Бид хаа хаанаа хичээж байна. 2-3 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийлээ. Түрүүн танд хэлснээр монголд хамгийн том хоёр нарны станц Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншандад баригдаад дууслаа. Нэг нь Японы хөрөнгө оруулалтаар хийгдэж дууссан. Нөгөөх нь Германы хөрөнгө оруулалтаар баригдаад дуусах гэж байна. Герман, Франц, Данийн хөрөнгө оруулалтаар Монголдоо хамгийн том салхин парк барьсан. Бид дотооддоо эрчим хүч үйлдвэрлээд эко орчныг бий болгоод явах анхны шанг татлаа шүү дээ.

 
-Ноён хутагтын их том ой боллоо. Хөлтэй нь холхиж, хөлгүй нь мөлхөж хүрлээ гэгчээр их л хүн бужигнах шиг болсон. Ямархуу түвшинд зохион байгуулав. Үлдэцтэй юм нь юу вэ ?


-Равжаа хутагтынхаа 215 жилийн ойг сайхан хийсэн. Засгийн газар шийдвэр гаргаж, улсын хэмжээний наадам болгож хийсэн. Бай шагнал гэхээсээ илүү  Равжаа хутагт судлалд хувь нэмэр оруулах талын бодлогын ажлууд руу түлхүү чиглэж ажилласан. Хутагтын ойг бүтээн байгуулалтаар бид угтсан. Равжаа судлалынхаа музейг засаж өглөө. Аймгийн орон нутаг судлах музейгээ иж бүрнээр нь заслаа. Гэр бүлийн маш том талбай хийж, Равжаа хутагтын байгуулсан Саран хөхөө театрын хөгжмийн зэмсгүүдийг  нь шинэчилж, барилгыг нь заслаа. Дигваранзтай хөшөөтэй талбай хийлээ. Хамарын хийдийн наад талын 3 замын уулзварыг заслаа. Хамарын хийд дээр багагүй ажлууд хийлээ. Наадам боллоо гээд гадна дотны хүмүүсийг дайлж, цайлах элдэв ажиллагааг халсан. Бэлэг дурсгалын зүйл дээр гэхэд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоод компаниуд болон сүсэгтэн олны хандив дэмжлэгээр хутагтынхаа сэрэг дүрийг бүтээсэн. Манай есдүгээр ноён хутагтын сэрэг дүрийг бүх сумдаар явж гардуулж, өрх болгонд хүргэсэн. Дорноговьчууд өөрсдөө илүү баярлах ёстой гэсэн үүднээс л зохион байгуулсан. Иргэд маш их баярласан. Сар шинийн өмнөхөн улсын аварга, аймгийн аварга малчдад шагнал  гардуулах гээд айлуудаар очиход  гүнгэрваа дотор нь хутагтын сэрэг дүр байж байгаа нь сайхан л харагдаж байна лээ. 


-Танайх тэмээгээ их өсгөсөн байна лээ. Говийн бэлгэ тэмдэг гэдэг утгаараа малчин ардууд хайрлаад өсгөөд байдаг юм уу?


-Зуншлага сайхан байгаа учраас мал их өсч байна. Ер нь тэмээний ашиг шим маш их нэмэгдсэн. Ингэний сүү ямар үнэтэй байгаа билээ дээ. Ингэний сүү хаван буулгах, элэг цөсөнд сайн гээд маш их зах зээлтэй болсон. Мөн тэмээний торомны ноос бараг ноолууртай адил шахам үнэтэй болсон. Тэмээний борлуулалт сайн байгаа бөгөөд хангайн аймгууд их худалдаж авч байна. Говийнхон маань тэмээн поло уралдаан их зохион байгуулах болсон.


-Тэмээтэй холбоотой сонирхолтой үзүүлбэр бэлтгээд жуулчдыг татвал?


-Цагаан сарын өмнө сумдууд сумдынхаа алдартныг шагнаж, малчдынхаа зөвлөгөөнийг хийдэг. Сумдад тэмээнийхээ баярыг хийж байна. Тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос, тэмээн поло гээд янз бүрийн тэмцээн зохион байгуулдаг. Жуулчдад бол их л сонирхолтой зүйлс дээ. 

-Танайд мах боловсруулах хэд хэдэн үйлдвэр байгаа байх шүү?

-Ажиллаж байгаа. Малчид хамгийн сайхан амьдрах боломжтой газар Дорноговь аймаг гэж би боддог. Дорноговь аймгийн мал баруун, зүүн аймгуудыг бодвол үнэтэй зарагддаг. Говийн мах үүлдэр олонтой, зах зээлтэй зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг. Замын-Үүд суманд экспортын мал, махан бүтээгдэхүүн хадгалах, тэжээх, эрүүлжүүлэх, малын тэжээл үйлдвэрлэх, экспортод гаргах мал, махан бүтээгдэхүүний бүс байгуулагдаж байна. Экспортод гаргах  нийт малын 15 хувийг Дорноговь аймгийн компанид квот өгч  малчдын орлогыг нэмэгдүүлэх юм. Бүтээн байгуулалтын ажил энэ онд дуусна.


-Заг гэж танай бас нэгэн баялаг бий. Хэрхэн хамгаалж байна. Түлшинд хэрэглэхээ больсон гэсэн. Нэмж тариалдаг гэсэн үү. Яг байгаль дээрх шигээ ургаж байна уу?


-Заг сайн ургаж байгаа. Нэмж тариалдаг. Өмнөговь аймгаас жилдээ 20000-25000 заг авчирч тариалдаг. Түрүү жил 20 гаруй мянгыг тариалсан. Ер нь байгаль дээрх шигээ ургаж байгаа шүү.


-Газар тариалан танайд хэр хөгжиж байна?


-Газар тариалан ер нь бага. Аймагт 200 гаруй иргэн, 100 гаруй га талбайд тариалалт хийдэг. Өрхийн хэрэгцээгээ л хангадаг. Ер нь говьд газар тариалан эрхэлнэ гэдэг чинь хүнд хөдөлмөр шүү дээ. Харин сүүлийн үед хүлэмжийн тариалан нэмэгдэж байна.


-Том цэлгэр тал л гэж харагддаг. Юунаас болоод тариалдаггүй юм бол?
-Уснаас болоод л. Говьд 100 гаруй метр өрөмдөж байж гүний усыг гаргаж авч байна. Гүний усаар газар тариалан эрхэлбэл асар өндөр үнэ гарна. Тийм учраас хүлэмжийн аж ахуйг л дэмжиж ажиллах боломж бий.


-Орон нутгийнхны өөрсдөө үйлдвэрлэдэг цай гээд сайхан бүтээгдэхүүнүүд байдаг юм билээ. Хармагаараа жишээ нь та нар юу хийх гэж байна. Эсвэл нөөц нь бага  юм уу?


-Дараад чанамал хийж л байдаг. Манай загсгал гээд ургамал байдаг даа. Түүгээр “загсгал” гэж цай олон жил хийж байгаа. Манайхан чулуу түүгээд хураагдлаа гээд асуудал гараад байсан даа. Орон нутгийн компани тэр хураагдсан чулуугаа худалдаж аваад хөөрөг, зүүлт хийж байна. Жижиг, дунд түвшний үйлдвэрлэл бага багаар явж л байна. 


-Танайх цагаан шүртэй билүү?


-Байхгүй. Өмнөговьд байдаг. Манайд мана, чүнчигноров, гартаам зэрэг олон төрлийн чулуу байдаг. Орон нутгийн бизнес эрхлэгчид түүгээрээ юм хийж байна. Ер нь ийм  жижиг дунд үйлдвэрлэлийг маш сайн дэмжих ёстой. Гэхдээ Засаг дарга болоод жижиг дунд үйлдвэрлэлдээ зориулсан зээл тусламж авч үзсэнгүй дээ.


-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд танайхан жаахан ч гэсэн хамрагдсан байлгүй дээ. Арай юу ч олж аваагүй юм биш биз дээ?


-Огт байхгүй ээ. 2016 онд Засаг дарга болоод л санал хүсэлтээ тавьсан,  2017 онд нэг тэрбумыг өгнө гэсэн. Тэгэхээр нь баярлаад аймагтаа ирээд ам зүгээр байхгүй нөгөө хэдэн жижиг дунд үйлдвэртээ хэлээд “Одоо тэрбум төгрөг та нарт өгнө. Төслөө боловсруулаад, ажлын байраа нэмэгдүүлээрэй” гээд бэлдээд л байлаа. Гэтэл мөнгө нь ирдэггүй. 2018 онд бас л горьдсон, байдаггүй. Харин ашгүй 2019 онд өгөхөөр болж байна. Яг үнэнийг хэлэхэд жижиг дунд бизнес эрхлэгчид аймгуудад л байна. ЖДҮ-ийн зээлийг яам өгөх нь буруу гэж боддог. Аймаг нь өгөх ёстой. Улаанбаатарт өгөх гэж байгаа бол Улаанбаатарт нь хариуцуулах хэрэгтэй.Орон нутагт бол орон нутагт нь. 


-Хамарын хийдийг ухаж сүйтгэх нь гэсэн мэдээлэл Улаанбаатарт хүчтэй явлаа. Энэ хүрээнд таниас хариулт тайлбар авахгүй бол болохгүй?


-2007 онд тэнд “А” лиценз нь олгогдсон юм билээ. 2009 онд төлбөрөө төлөөгүй гэдэг нөхцөлөөр хүчингүй болгож цуцлагдаад шүүхээр явж байгаад, 2017 оны сүүлээр сэргээсэн. Тэгээд талбай дээр очиж кэмпээ барих гэж байсан. Яг Хамарын хийдийн энергийн төвөөс зургаан километрийн зайтай газарт. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд хүртэл би асуудлыг тавьсан. Одоо улсын тусгай хамгаалалтад авах гэж байна. Цуцлаад, дүйцүүлээд өөр газар олгоно. Мэдээж тухайн компанид нөхөн төлбөрийн асуудал гарна. Манайд ганцхан Хамарын хийдэд ийм асуудал гараагүй. 2017 онд Австрали-Монголын хамтарсан компани асуудал үүсгээд тухайн газрыг орон нутгийн хамгаалалтад авч, компанийн удирдлагуудтай зөвшилцсөн. Нөхөн төлбөр гэж надаас 2,6 тэрбум төгрөг нэхдэг. Үүнийг Засгийн газарт, холбогдох яамны сайдад уламжлаад дүйцүүлж өөр газар өгөхөөр шийдсэн. 2014-2015 онд гэхэд Чингисийн Есөн хөлт цагаан тугийг тахиж байсан “Сүлдэнэ хөх овоо” гээд газрыг өгчихсөн л байсан. Хатанбулаг суманд “Хутаг уул” гээд бас л дээр үеийн шүтээнтэй гол газрыг 2015 онд өгчихсөн байсан. Сая би бүгдийг нь нийлүүлээд улсын тусгай хамгаалалттай газар болгох санал оруулсан. Нөхөн төлбөрийн асуудлыг бид шийдэж чадахгүй. Засгийн газар сонгон шалгаруулалтын гээд газар олгоод байдаг даа. Тэр газраас эдгээр компаниудад  адил төстэй газар шилжүүлэн олгооч гэсэн. Өмнөговь аймагт нэг туршлага байдаг. Өмнөговийн Тосонбумбад олон компанид тусгай зөвшөөрөл олгосон байсныг Засгийн газар ярилцаад өөр газар шилжүүлээд өгчихсөн. Тэр туршлагын дагуу л ажиллаж байна. Хамарын хийдийг ухуулж, сэндийчүүлнэ гэсэн ойлголт байх ёсгүй.


-Зүүнбаян гэж үе үеийн олон эрчүүдийн дурсамжит газар болсон цэргийн анги байна. Дээр үеийнхээсээ хэцүү болчихсон, дэглэлт гэх хууль бус зүйлс нь хэвээрээ газар байдаг юм уу. Эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахдаа эмээдэг байдал үүсээд байна. Энэ тухай ч сошиал орчинд олон мэдээлэл тархсан ?


-Тусгай чиг үүргийн байгууллага учир бид дарга, цэргийг томилох гэдэг ч юм уу, дотоод үйл ажиллагаанд нь оролцох эрх зүйн үндэс байхгүй. Нууцтай холбоотой янз бүрийн юм байдаг учраас. Ер нь мотобуудлагын анги. 2017 онд “Сэлэнгэ” гээд  хээрийн сургуулилт болж байсан даа. Бид тодорхой хэмжээний дэмжлэг өгдөг. 2017 онд цэргийн ангийн хоёр байрыг 200 гаруй сая төгрөгөөр засч өгсөн. Цэргийн ангийн казармуудыг бүгдийг нь камержуулах ёстой гэхээр нь камержуулсан. Мотоцикль явах ёстой гэхээр нь мөн шийдэж өгсөн. “Сэлэнгэ” хээрийн сургуулилтыг нь маш сайн зохион байгуулсан. Оросын талаас олон хүн ирсэн. Санхүүгийн болон урамшуулал гээд бүхий л талаар дэмждэг юм. 


-Бүтцийн хувьд социализмын үеэсээ ерөөсөө томроогүй биздээ?


-Ерөөсөө 336 гэж ганцхан мотобуудлагын анги. Анги байж байгаад 2017 оноос хороо болсон. Офицерууд, цэргийнх нь тоо нэмэгдэж л байна.


-Дорноговьд оросууд нэлээн байсан. Танайхан танктай хөшөө барьсан байна билээ. Тэр үеийн оросуудын үр удам одоо энд байна уу?


-Одоо местний болсон оросууд гэж байхгүй. Дорноговь аймагт жил болгон миний насны хэдэн оросууд ирдэг. Орос ажилчид, цэргүүдийн шарил байдаг. Тэдгээр хүмүүсийн үр хүүхдүүд ирдэг юм.


-Сошиалаар монголчууд эрлийзжиж байна гэх мэдээллийг хаанаас ч юм  явуулаад байдаг. Хятад, монгол хүмүүс гэрлэх явдал бодит байдал дээр яг байдаг юм уу?


-Тийм зүйл огт байхгүй. 


-Нэмж зочид буудал баригдаж байгаа юу?


-Хэрэв аялал жуулчлалыг нээгээд өгвөл баригдана. Гэвч нээхгүй байна. Би энэ хилийг 24 цаг, ядаж 12 цаг ажилладаг байх ёстой гэж боддог. Одоо та очоод үзээрэй. Цагтай уралдсан хүмүүс л замбараагүй байдал үүсгэдэг. Тэгээд л  хятад, монголын хил дээр хэрүүл хийгээд л бөөн юм болдог. Улаанбаатараас Замын-Үүд рүү явдаг автобус орой 23-24 цаг гээд гардаг. Өглөө 09 цагт хил нээхэд амжих гэж уралдаад аваар осол үүсгэдэг зэрэг асуудлууд их.


-Танай аймагт өөр шашны сүм байдаг уу?


-Христийн хэдэн сүм байдаг. Үндсэн хуулийнхаа хүрээнд л байдаг. Миний үед сүм нэгээр ч нэмэгдээгүй. Байгаа нь дандаа эмзэг бүлгийн хүмүүстэй ажилладаг.


-Танайд эмзэг бүлгийн хүмүүс цөөн биздээ?


-Ер нь бага, гэхдээ бага гээд хаяж болохгүй. Бид бүтээн байгуулалтын ажил хийхийн зэрэгцээ иргэд рүүгээ чиглэсэн, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор иргэдийг бүтээн байгуулалтын ажилд олноор татан оролцуулж байна. 


-Боловсролын салбар тань ямар байна. Хүүхдүүдийн ЭЕШ-ын дүнгээр аймгуудыг байр эзлүүлдэг. Танайх ямархуу явна?


-Маш сайн. Бид Япончуудтай сайн ажиллагаатай байгаа. Өрсөлдөх чадвар дөрөвт, ЭЕШ-ын дүнгээр улсад тавдугаарт орсон. Намайг ажил авахад 19 дүгээрт жагсдаг байсан. Тэгээд 2017 онд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж зүтгэсээр байгаад 13-т оруулсан. Их зүтгэсний үр дүнд 2018 онд 5-т жагссан. Математикийн улсын олимпиадыг аймагтаа зохион байгуулсан. Сургуулиудад олон кабинетууд шинээр байгуулж байна,“Шинэ монгол” сургуультай хамтын ажиллагаатай болсон. Бас Эрхүү хоттой томоохон харилцаатай. Эрхүүгээс жил бүр 14 багш ирж Замын-Үүд болон аймгийн төв дээр сургуулиудад хичээл заадаг. Япон руу жил болгон 30 гаруй хүүхэд хэдэн багш нартайгаа явдаг гээд ажиллаж л байна даа. Одоо энэ дүнг буулгахгүй байхад анхаарна.Спорт, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт бид том эргэлт хийсэн. Би өөрөө спортоор олон жил явсан хүн. Намайг хүүхэд байхад Л.Одончимэд гуай Засаг дарга байсан. Л.Одончимэд дарга хамгийн анх улсын аваргад медаль авсан хүүхэд, дасгалжуулагч нарыг хүлээж авч уулзан өргөмжлөл, дугтуйтай хэдэн төгрөг өгч байсан юм. Тэр үед бол их л мөнгө бодогддог. Засаг дарга медаль авсан хүүхдүүдийг хүлээж авч уулзаж байна гээд л багш сурагчидгүй бид баярлацгааж байсан. Энэ нь урлаг, спорт гээд хүнийг хөгжүүлдэг бусад том зүйлсэд чиглэсэн чухал бодлого байж. 
Би ажил хүлээж аваад өсвөр үеийн залуучуудын шигшээ баг бүрдүүлэх журам гаргасан. Улсын аварга, олон улсын, дэлхийн аваргын тэмцээн, Азийн наадамд амжилт гаргасан хүүхэд, залуучуудаа хүлээн авч, шагнаж урамшуулдаг журам гаргасан. Мөн хүүхдүүдийг бэлдсэн дасгалжуулагчийн тухайд тусгай журам гаргасан. Хүүхэд байхдаа өөрөө шагнал аваад баярладаг байсан. Улам бид нар урамшиж хичээдэг байсан. Одоо үүнийгээ өөрөө хэрэгжүүлээд явж байна. Хүүхдүүд их урамтай байгаа. 2016 оноос медалийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Бид бүх л спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлж байгаа. Манай Дорноговь аймаг хэзээний л урлаг, спортоор цойлдог аймаг байсан. Энэ уламжлалаа сэргээж байгаа.
Жил бүр орон нутгаас мөнгө гаргаад бүх хүүхдүүдийг томуу, шар гэх мэт халдварт өвчний эсрэг вакцинд хамруулдаг. Хүүхдүүд бол бидний ирээдүй учир Засаг даргын нөөцөөсөө энэхүү хөрөнгийг гаргаж зориуд анхаардаг. Залуу үеэ бид эрүүл саруул иргэн болгож хүмүүжүүлэх ёстой. Эрүүл мэндийн салбартаа тийм учраас хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бараг эргэлт гаргасан гэж хэлж болно. Боловсролын салбарт хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг их хөгжүүллээ, мөн тогтвор суурьшилтай ажиллах багшийг бэлтгэх тал дээр анхаарал тавьж ажиллаж  байгаа. 


-Хүн олноороо нэмж ирж суурьшсаар байгаа болохоор үнэхээр бүх салбарт хөрөнгө хүч татаж ажиллахаас өөр аргагүй болж байгаа биз? 


- Өмнө хэлсэнчлэн ажлын байр 2017 оныхоос 2600-аар нэмэгдсэн. Дорноговь аймгийн зарим сумдад галч хийх хүн олдохгүй. Ихэнх хүмүүс баяжуулах боловсруулах үйлдвэрт ажиллаж байна. Маш олон баяжуулах боловсруулах үйлдвэрийг бид дэмжиж байгаа. Үйлдвэрийн паркуудаа хол зайтай барьж байгаа. Европын холбоо, Японы хөрөнгө оруулалтаар. Европын холбоо, Герман, Солонгос, Японы хөрөнгө оруулалт маш сайн нэмэгдэж байна. Кувейтууд мөн юм хийж байгаа. Мөн Хятад, Солонгос, Австралид болж буй форумд Дорноговь аймгийн танилцуулгыг хийж байна. Эдийн засгийн ийм ийм бололцоотой бүс шүү,  Дорноговь аймагт хөрөнгө оруулбал ийм ийм тааламжтай нөхцөл байна гээд мэдээллүүдээ хүргэж байна. Тусгай булан гаргаад форумд ирсэн бүхий л гадна, дотны хүмүүст танилцуулгаа тараадаг. Манайх тэргүүлэх гурван чиглэлээ тодорхойлсон. Нэгдүгээр салбар бол мал аж ахуй, хөдөө аж ахуй аль аль нь биш аж үйлдвэр юм. Төмөр зам, авто зам, хилийн хоёр боомтууд руу татах төмөр зам. Үүнийг дагасан аж үйлдвэрийн паркууд манайд байх ёстой. Хоёр дахь салбар аялал жуулчлал, гурав дахь нь хөдөө аж ахуй.  Одоо маш сайн явж байна. Нүүрс угааж, жоншийг баяжуулаад гаргаснаар аймагт орж ирэх орлого нэмэгдэж байна. Баяжуулах юм уу, боловсруулах үйлдвэр барьчихвал хүмүүс байнгын ажилтай болно, өвөл, зунгүй цалин авч байна. Хэрэв зөвхөн уурхайг дэмжээд байвал өвөлдөө ажиллаад зундаа хаагдчихна. 


-Гишүүний барьж буй хорооллуудад танай орон нутгийн хүмүүс ажиллаж байна уу?


-Үндсэн объект нь маш хурдан технологиор баригдаж байгаа учир гадны мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Гаднах, доторх, сангийн засвар, дотоод засал чимэглэл, цахилгаан, дэд бүтцийн ажлуудыг дотоодын компаниуд хийж байгаа.


-“МАК”, “Монцемент” хэдий хэмжээний татвар өгдөг вэ?


-МАК цэцэрлэг барьсан. Том компаниудын нөмөр нөөлөг гэж байлгүй яахав. ХХОАТ, нийгмийн даатгал хотод төлдөг байсныг орон нутагт төлдөг болсноор зөвхөн татвараас жилдээ 2,3 тэрбум төгрөг орон нутагт орж байна. Мөн нөөцийн татвар орно. Сум орон нутагт бүтээн байгуулалт хийж байна. Саяхны тооцооллоор Монгол Улсын нийт цементийн хэрэгцээний 75 хувийг Дорноговь аймгаас хангасан байна гэсэн тооцоо гарлаа. Мэдээж хятадын цементээс чанар илүү. Учир нь шохой, төмрийн хүдэр, нүүрс, хайрга нь хажууд нь байж байна шүү дээ. 

ШИНЭ МЭДЭЭ