С.Одонтуяа: Хүүхэд харах үйлчилгээг саармагжуулж зогсоох биш улам өргөжүүлэх ёстой байсан
2020.05.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Одонтуяа: Хүүхэд харах үйлчилгээг саармагжуулж зогсоох биш улам өргөжүүлэх ёстой байсан

2015 онд батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн талаар энэ хуулийн ажлын хэсэгт ажиллан батлуулж байсан УИХ-ын гишүүн асан Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.


 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн зорилт нь юу байсан бэ?

-2012-2016 оны УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс санаачлан батлуулсан олон хуулиудын нэг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг зохион байгуулах явдал. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, аюулгүй байх нөхцөлийг хангах зарчим энэ хуулийн гол үндсэн агуулга юм. Энэ үйлчилгээнд хоёр наснаас дээш ерөнхий боловсролын сургуулийн нас хүртэлх хүүхэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хамруулна гэсэн заалт орсон. Сургуулийн өмнөх насны хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй байгаа тохиолдолд хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй гэсэн агуулгыг шингээсэн хууль. Мөн дээр нь ажлын байр нэмэгдүүлэх ялангуяа 40-өөс дээш насныхан болон тэтгэврийн насны хүмүүст ажил олдохгүй байна гээд маш их гомдол ирдэг. Үүнийг ч гэсэн уялдуулж өгсөн. 18-65 насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэн энэ үйлчилгээг эрхлэх боломжтой гэж тусгасан. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана байгаа гэсэн судалгаа байсан. Энэ байдлаас шалтгаалан бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх, гал, усны аюул, цахилгаан тогонд цохиулах гээд олон аюул эрсдэлд хүүхдүүд өртөж байна. Гамшиг осолд өртөж байгаа гурван хүний нэг нь хүүхэд байна гэж ОБЕГ-аас мэдээлсэн. Энэ дотор ч бага насны хүүхэд өртсөн л байгаа. Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэнх нь гэртээ харах хүнгүйгээс эсвэл насанд хүрээгүй хүүхдээр харуулснаас болсон байдаг. Бас нэг чухал заалт нь хүүхэд харах үйлчилгээг явуулын хэлбэрээр хийх. Тухайлбал хэрэгцээ шаардлагатай газарт нь очиж хүүхдүүдийг нь харж болно гэсэн үг. Энэ хуулийг нэлээд их судалгаа, тооцоо, иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлаж гаргасан. Маш их үр дүнтэй, үр ашгаа өгч эхэлж байсан даа...

-Та байсан даа... гээд нэг л сэтгэл дундуур байх шиг. Та бүгдийн санаачилсан энэ хуулийн үйлчлэл одоо ямар хэмжээнд байгаа вэ?

-Хүн ер нь өөрийнхөө хийсэн ажлын үр дүнг байнга л харж, сонсч, яаж байгаа бол гэж санаа зовж явдаг биз дээ. Санаачилсан болон батлуулахад оролцож байсан хуулиудынхаа талаар байнга санаа тавьдаг. Иргэдийн маань амьдралд ямар эерэг нөлөө үзүүлж байна, юу нь болохгүй байна, цаашид яаж боловсронгуй болговол зүгээр вэ гээд иргэдээсээ асуудаг, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж санаа оноог нь сонсч энэ талаар судалж л байх юм.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэд маш сайхан тааламжтай хүлээж авсан. Үр дүн нь ч сайн байсан. 2016 онд 10,8 тэрбум төгрөг баталж, тухайн оны есдүгээр сарын байдлаар 2269 хүүхэд харагч бэлтгэгдэж, 853 хүүхэд харах төвд 6353 хүүхэд, үүнээс 198 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдаж 1305 иргэн ажлын байртай болсон байсан. Түүнээс хойш жил ирэх тусам санхүүжилтийг нь хассаар, хамрах хүрээг нь хумьсаар 2020 оны тавдугаар сарын 1-нээс хойш санхүүжилтийг нь бүрмөсөн зогсоож байгаа юм байна. Гэтэл цэцэрлэгийн хангалт бүрэн шийдэгдээгүй, хүүхдүүд гэртээ цоожлогдоод л эрсдэлд өртөөд л байна шүү дээ. Монгол Улсын эдийн засагт ч асар их ач холбогдолтой байсан.

-Яагаад энэ хуулийн үйлчлэлийг зогсоох гээд байгаа бол?

-Энэ хуулийн гол агуулга нь хүүхдийг аюул эрсдэлгүй байлгах хамгаалах учраас тухайн үеийн Хүний амын хөгжил нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт хамаарч байсныг 2016 оны сонгуулийн дараа 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Боловсролын байгууллага болгон өөрчилж, хүүхэд харах гэсэн хуулийн гол зорилт нь алдагдаж эхэлсэн. Мөн шийдвэр гаргагч нарын зүгээс “Цалинтай ээж”, болон “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас төсвийг нь бууруулсан гэж тайлбар өгсөн байсан. Цалинтай ээж сард 50 мянган төг аваад гэртээ хүүхдээ хараад суух уу, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгчхөөд ажлаа хийх үү. Залуу гэр бүлүүд хоёр дахь сонголтыг илүү хийх болов уу гэж бодож байна. Хүүхэд бүрт цэцэрлэг хөтөлбөрийн хэрэгжилт явж л байг. Хүүхэд бүр ямар ч хүндрэлгүйгээр цэцэрлэгт хамрагдчихвал маш сайн хэрэг. Бид ч дүүрэгтээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж байна. Өнөөдөр ийм нөхцөл хараахан бүрдээгүй, хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд хэвээрээ л байгаа шүү дээ.

Мөн зуны цагт хүүхдийн цэцэрлэгүүд амарчихдаг тэр үед хүүхэд харах үйлчилгээ бүр их хэрэгтэй болдог. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн багш нар урт хугацаанд амардаг. Амралтаараа ажил хийх хүсэлтэй иргэд олон байдаг. Тэр үед хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгчхөөд ажил хийх боломжтой. Аливаа ажлыг зогсоохоос өмнө үр дүн, ач холбогдлыг нь сайн судалж байж асуудлыг шийдэх хэрэгтэй л дээ. Үнэхээр шаардлагагүй бол зогсоож болно. Зогсоох шиг, болиулах шиг, нураах шиг амархан юм байхгүй. Харамсалтай нь иргэддээ хамгийн хэрэгтэй үед хамгийн хэрэгтэй үйлчилгээг зогсоох гээд байна.

-Цаашид ямар арга хэмжээ аваасай гэж та хүсч байна вэ?

-Энэ хуулийн үйлчлэлийг зогсоох биш үргэлжлүүлэх шаардлагатай. Төрөөс хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Нэг ч хүүхдийг хараа хяналтгүй байлгаж болохгүй. Улмаар нэг ч хүүхдийг аюул эрсдэлд өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө санаачилга гаргах цаг болсон. Эцэг эхчүүд бид ч хүүхдээ хараа хяналтгүй байлгаж болохгүйг сайтар ойлгох хэрэгтэй. Хэчнээн олон хүүхэд хараа хяналтгүй байснаас аюул осолд өртөн амь насаа алдаж, тахир дутуу болж байгаа билээ. Би тоо хэлмээргүй байна. Сайхан зүйл биш. Тал бүрдээ анхаарлаа хандуулаач гэж хүсэх байна. Бид чинь иргэдээ ажилтай орлоготой, амар тайван, аз жаргалтай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө зүтгэцгээх ёстой биз дээ.

-Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

ШИНЭ МЭДЭЭ