МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцариас туршлага судална
2020.09.04
Гадаад харилцаа

Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцариас туршлага судална

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Швейцарын хөгжлийн агентлагын дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарын Хөгжлийн агентлагын дарга Стефани Бури: “Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна. Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагааг зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байна. Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм. Мөн бид улс орнуудад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгааг хийдэг. Үүндээ Монгол улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая.” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид Швейцарын Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачлагыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг. Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна . Түүнчлэн манай улс Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид ковид-19 цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна. Швейцарь бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна.” гэдгээ онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ