МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна
2020.09.04
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар тойрогтоо ажиллаж байна. Тэд Өвөрхангай аймгийн сум бүрт очиж иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг хүлээн авах юм. Эхний сум бол Бүрд.  

Өвөрхангайчуудынхаа итгэлийг хүлээн УИХ-д хамтдаа сонгогдсон Д.Тогтохсүрэн, Г.Ганболд гишүүд хамтдаа энэ сарын 3-наас тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Монгол Улсын төв цэг оршдог Бүрд сумаас эхэлж аймгийнхаа 19 сумаар бүтэн тойрч иргэд сонгогчидтойгоо уулзан улс орны хөгжил, ард түмний амьдрал ахуй, нутаг ус, мал сүргийн байдал гээд олон сэдвээр яриа хөөрөө өрнүүлэн цаашид хийх ажилдаа нутгийн олныхоо санаа бодлыг тусгах уулзалтуудаа эхлүүллээ.

Өвөрхангай аймгийн нутгийн дийлэнх хэсэгт зуншлага оройтсон. Малчид отор нүүдэл ихтэй байна. Харин Бүрдэд одоо л цаг сайхан болж эрт сэрүүн уначихгүй бол намар налайх шинжтэй байгааг онцоллоо.

Иргэдтэй уулзахад сумын төвийг Шарилантай засмал замаар холбох боломжтой эсэхийг асууж байв. Энэ зам бартаа ихтэй, цас их унасан зудтай жил явахад бэрх. Бүрд сумынханы байнга ярьдаг нутаг дэвсгэрийн хилийн цэстэй холбоотой асуудал ч уулзалтын үеэр яригдаж байна.

Бүрд сум Өвөрхангай аймгийн хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай сум. Тэр хэрээр амьдрал ахуй ч сайтай. Гэхдээ ирэх өвөл цаг хүндрэх эрсдэлтэй учраас малчид малынхаа тоог цөөрүүлж, мал махаа борлуулахад анхаарч эхэлжээ. Тиймээс төр засгаас махны экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байна гэдэг саналыг малчид хэлж байна.

Өнгөрсөн 4 жилд сум шинэ Соёлын төвтэй болж, төрийн болон төсөвт байгууллагын их засвар, тохижилттой холбоотой олон асуудлыг шийдвэрлэсэн. Сумын өнгө зүс ч сайжирсанд иргэд сэтгэл хангалуун байна. Ойрын үед цэцэрлэгт өргөтгөл барих асуудлыг шийдүүлэх нэн шаардлага үүссэн. Энд урлаг танхимтай, хоёр анги нэмээд барьчихвал цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж, хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд тустай болно гэдгийг хэлж байна.

УИХ-ын гишүүд Бүрд сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, төсөвт байгууллагуудын ажилтай танилцлаа.

Тус суманд өнгөрсөн жилүүдэд зарим төрийн байгууллагуудын барилгад засвар үйлчилгээний ажил хийсэн, шинэ Соёлын төвийн барилга барьсан, өвөлжилт хүндрэх үеэр авч хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаанд иргэд сэтгэл дүүрэн байв.

Цаашдаа тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилга болон дотуур байрны их засварын ажил хийх, Цэцэрлэгт өргөтгөл барих, эрүүл мэндийн төвийг авто машинтай болгох зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар Бүрд сумын дараа Есөнзүйл суманд ажиллалаа.

Уг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургууль орчин үеийн чанар, стандартад нийцсэн 320 хүүхдийн хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо.

Есөнзүйл сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1969 онд ашиглалтад орсон хуучны байранд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Өнөөдөр ашиглалтад орсон хичээлийн шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2,9 тэрбум төгрөгөөр барьжээ.

Шинээр баригдсан сургуулийн барилга нь урлаг танхим, спорт залтай. Сүүлийн үеийн стандартад нийцсэн ариун цэврийн өрөөтэй. Үүнээс гадна сургуулийн усны хэрэгцээг шинээр худаг гаргаж шийдсэн байна.

Гишүүд үргэлжлүүлэн Есөнзүйл сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Иргэдийн зүгээс малын бэлчээр талхлагдаж, нэр ус нь мэдэгдэхгүй зэрлэг ногоо ихээр ургах болсон тул бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээр талхлалтыг зогсоох, малын удмыг санг сайжруулах чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Энэ жил цаг хүндрэх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилтыг хэрхэн давах тал дээр хамтдаа эртнээс хүчээ нэгтгэн ажиллах хэрэгтэйг санууллаа.

Тэд маргааш Өвөрхангай аймгийн Өлзийт, Баян-Өндөр сумдад ажиллана.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ