МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгээр санхүүжүүлэх үү эсвэл боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах уу"
2020.09.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгээр санхүүжүүлэх үү эсвэл боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах уу"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Уг хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, багш, эцэг эхчүдийн төлөөлөл оролцож байна.

Хэлэлцүүлэг доктор, профессор, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очирын "Боловсролын колончлол" сэдэвт илтгэлээр эхэллээ.

Д.Бум-Очир: Үндэсний мэдлэг бий болгохын тулд колончлолын мэдлэгээс ангижрах хэрэгтэй


Тэрбээр илтгэлдээ “Боловсрол гэдэг бол мэдлэг олгодог зүйл. Харамсалтай нь мэдлэг гэдэг зүйл хэн нэгний ашиг сонирхолд үйлчилж болдог. Мэдлэг гэдэг зүйл хэн нэгний, аль нэг их гүрний ашиг сонирхолд үйлчилж байвал яах вэ. Тийм ашиг сонирхолд үйлчилсэн боловсролыг бид хүүхдүүддээ олгож байвал яах вэ. Монголчуудыг нийгмийн хөгжлийн онолыг үүднээс зэрлэг, бүдүүлэг гэдэг катигорит оруулж байлаа. Бидний тахих шүтэх гээд байгаа, олон улсын түвшний гэж ярьж байгаа Кембрижийн хөтөлбөр маш хэрэгтэй, гэхдээ бас маш их гайтай.

Нийгмийн хувьслын онолоор буюу бидний таних шүтэх гээд байгаа, импорлож оруулж ирэх гээд байгаа мэдлэгт биднийг бүдүүлгүүд гэдэг.
Бид колончлолын мэдлэгийн тогтолцоогоор өдий хүртэл явж байна. Өмнө нь Зөвлөлтийн ашиг сонирхолд үйлчилж байсан.
Харин 1990 оноос хойш бид өөрсдийн үндэсний боловсролын хөтөлбөртэй болохыг хүсэж түүнийхээ араас явж байгаа.

Боловсролын тогтолцооны ард ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй байна.

Олон улсын боловсролын хөтөлбөр гэдэг зүйл дэлхий даяар нэр нөлөөтэй болоод ирсэн. Бидний өнөөдөр яриад байгаа боловсролын тогтолцоо бол англи, америкийн мэдлэгийн колончлол. Үүнийг даяаршлын мэдлэг гэдэг. Үүний ард орон нутгийн мэдлэг буюу үндэстэн, угсаатны мэдлэг гэдэг зүйл үлддэг.

Даяаршлын буюу колончлолын мэдлэгт захираддаг, байр сууриа алддаг. Үүний үр дүнд юу болох вэ. Колончлолын мэдлэгийн үр дүнд үндэсний үнэгүйдэл бий болдог. Бидний мэдлэг, түүх, соёл, ард түмэн үнэгүйдэж байна. Эцэст нь бидний импортлож оруулж ирэх боловсролын тогтолцооны нөлөөгөөр энэ бүх зүйл устаж алга болно. Үүний үр дүнд мэдлэгийн хямрал болдог.

Мэдлэгийн хямралын хамгийн хортой нь зөрчил, ялгаварал, тэгш бус байдлыг бий болгодог.

Бид үндэсний мэдлэг бий болгохын тулд колончлолын мэдлэгээс ангижирмаар байна.

Мэдлэг хэрхэн бүтдэг тухай мэдлэг бүтээе. Мэдлэг ямар ашиг сонирхолд үйлчилж байгааг судлах, мэдэх хэрэгтэй байна.” гэв.

С.Түмэндэлгэр: Нийтийн хөрөнгийг хэт хүртээмжгүй үйлчилгээнд зарцуулах нь зөв үү?

“Бүх нийтийн боловсролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцэх нь” сэдвээр доктор, дэд профессор, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр илтгэл тавив.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд сурч боловсрох эрхтэй, ерөнхий боловсролын хувь үнэ төлбөргүй байхаар зааж өгсөн.
Кембрижийн хөтөлбөрөөр суралцаж байгаа хүүхдүүд 1,000-аад хүүхэдтэй өрсөлдөөд тэнцээд өндөр зардалтайгаар суралцаж байгаа явдал нь хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзаж байгаа хэрэг мөн үү. Шалгалтад тэнцэхэд нийгмийн гарал нь нөлөөлөх үү. Зөвхөн Кембрижийн сургалттай сургуулийн шалгалтад бэлдэхийн тулд 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургалт хичээллэж байна. Тэгвэл хэрэгцээний ялгаатай байдлыг зайлшгүй харгалзах ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна.

Хэн боловсролын үйлчилгээний гадна үлдэж байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхэд, алслагдмал нутгийн малчдын хүүхэд, ажил хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд гэж судалгаагаар гарч байна.

Судалгаагаар төлбөртэй дамжаанд хамрагдсан хүүхдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хамрагдаагүй хүүхдүүдийнхээс өндөр, гэртээ даардаггүй, номтой хүүхдийн сурлагын түвшин өндөр гэх мэт судалгааны үр дүнгүүд байна. Амьжиргааны түвшнээс доогуур амьдарч буй хүүхдүүд өлссөнөөсөө болоод хичээлээ ойлгодоггүй гэх судалгаа ч байна.

Хамран сургалтын гадна хэн үлдээд байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд суралцах боломж дийлэнхэд нь хаалттай байна. Мөн амжиргааны түвшин доогуур өрхийн, алслагдмал нутгийн малчдын хүүхдүүдэд ч суралцах боломж бага байна.

Бүх хүүхдээ сургуульд хамруулахад одоогийн санхүүжилт хангалттай байна уу. Хүүхэд бүрийн оршин суугаа газартаа боловсролын үйлчилгээг чанартайгаар авах, сургуульдаа хүрч очих таатай нөхцөл бүрдүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ.

Ийм үед нийтийн хөрөнгөөс Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгээр санхүүжүүлэх үү эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахад чиглэсэн бүхий л зардлыг нь гаргахад анхаар уу.

Нийтийн хөрөнгийг хэт хүртээмжгүй үйлчилгээнд зарцуулж байгаа шийдлийг гаргах нь зүйтэй юу гэж асуулт тавьмаар байна" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ