МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулах шаардлагатай байна
2020.09.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулах шаардлагатай байна

Өнөөдөр /2020.09.04/ Төрийн ордонд “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ч.Ундрам үг хэллээ.

Эрхэм хүндэт зочид оо, Хүндэт багш, судлаачид аа,

Бидний урилга, санаачилгыг хүлээн авч “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам зэрэг төрийн байгууллага; Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургууль; Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна. Цаг заваа гарган хэлэлцүүлэгт оролцож, илтгэл тавьж буй Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өндөрлөсөн. Энэхүү чуулганы үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд боловсролын салбарт ирэх жилүүдэд баримтлах бодлогын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж, улмаар уг яриа нийтийн хэлэлцүүлэг болон өргөжиж байна. Гэхдээ энэ нь дурдсан асуудал зөвхөн энэ ээлжит бус чуулганаас үүдэн эхэлсэн гэсэн үг хараахан биш юм. Боловсролын хөтөлбөрийн асуудал бол Монголын нийгмийн сүүлийн 30 жилийн ярианы сэдэв, нэгдсэн шийдэлд хүрч хөгжүүлэх учиртай суурь асуудал юм. Монгол Улсын иргэн бүрийн эрх ашиг хөндөгддөг өргөн хүрээтэй уг ойлголтыг судалгаанд суурилж, басхүү зоримог авч хэлэлцэх шаардлагатай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын баримт бичигт “Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангаж, сургалт, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлсэн байна” гэж тус тус заасан байдаг. Энэ бол тэгш эрх, тэгш хүртээмж, ижил гарааны тухай үндсэн ойлголт.

Бид Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн зарчимд нийцэх, Монгол Улсын үндэсний эрх ашиг, хөгжлийн хэрэгцээ, шаардлага, зорилгод тохирсон Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, боловсролын шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд үүнд хүрэх арга зам, бодлого төлөвлөлтийг хэрхэн хийх вэ, шийдэл гарц юу байна вэ” гэдэг талаар тал талаасаа сайн хэлэлцэх хэрэгтэй байна.

Шийдэл гарц, зорилго төлөвлөгөө ярихын өмнө Та бүхэнд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт хамаарах хэдэн статистик дуулгая. Энэ жил ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаа эрхэлж, 646.8 мянган хүүхэд суралцаж байна. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзгийрүүлсэн, 6 нь тусгай, 8 нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Улсын хэмжээнд 2 сургуулийн 9 бүлэгт 308 сурагч 3 ээлжинд хичээллэж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлийн 35 сургууль, аймгийн 6 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн тоо Та бидэнд байгаа байдалдаа дүгнэлт хийж, хөрсөн дээрээ бууж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй байгааг сануулж байна.

Нөхцөл байдлаа харъя. Сайн багш нар хувийн сургуулиуд руу өндөр цалин дагаад оччихсон, түүнчлэн зарим сургууль гадаадын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд боломжтой айлын хүүхдүүдийг хамруулаад явж байна. Үүнээс гадна төр засаг дараагийн шатлал бүхий Кембрижийн хөтөлбөртэй гэх гурван сургуулийг эхлүүлсэн. Энэ хоёрт хамрагдаж чадалгүй олонх хэсэг нь үлдсэн. Өөрөөр хэлбэл бид хүүхдүүдээ гурав ангилж, Кастын систем шиг ийм шатлалыг бий болгосон. Ийм байхад ЕБС-ийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно.

Боловсролын салбарын бодлого, хэрэгжилтээр бид ямар улс байх вэ гэдэг зорилгыг биелүүлдэг. Бид улс үндэстнийхээ зорилгыг тодорхойлоод түүндээ таарсан иргэдийг бэлдэх учиртай. Иймд: Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд багшийн заах арга зүй, сургалтын орчин, сурах бичгийг шинэчилнэ. Монгол хэл шинжлэх ухааны хэл болох боломжийг улам бүр нээж, Монголын боловсролын тогтолцоо харилцан уялдаж хөгжсөн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулиа бэхжүүлэх замаар гадагшаа сурах их урсгалыг тогтоож, улмаар дээд боловсролын салбараа хамгаалах давхар бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрсдийн нөөц боломжид тулгуурласан нийтийн боловсролоо хөгжүүлэх нь аль ч тохиолдолд ахиж дэвжих зөв хувилбар болно.

Бид Кэмбрижийн хөтөлбөр огт болж бүтэхгүй, муу хөтөлбөр гэж хэлэхгүй. Энэ хөтөлбөр бол хэрэгжүүлж болох, нэвтрүүлж болох, санаа авч болох олон хөтөлбөрийн нэг нь юм. Гэхдээ бид үндэсний хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болтол нь хөгжүүлэх хэрэгтэй тул үүнийг хэлж, хэлэлцүүлж байгаа юм. Асуудлыг өргөн хүрээнд харж, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавья.

Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монголын түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж заасан болно. Өөрөөр хэлбэл: Монголын төр одоогийн үндэсний хөтөлбөрөө хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ нь бидний хэсэг гишүүний хэлж ярьж буйтай агуулгаараа тохирч байгаа гэж ойлгож байна.

Төгсгөлд нь хэлэхэд: монгол хэл, соёлыг эрхэмлэн чухалчилсан; үндэсний үнэт зүйл, өвөрмөц онцлогт тулгуурласан; уламжлал хийгээд шинэчлэлийг хослуулсан; эрин цаг үеийнхээ шаардлагад нийцсэн, Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт тохирсон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, өрсөлдөх чадвартай иргэнийг сурган хүмүүжүүлэх суурь бүхий Үндэсний хөтөлбөрөө сайжруулан хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлье. Аливаа асуудлыг бид “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг сургаал, зарчмааар шийднэ. Тиймээс талуудын байр суурийг сонсож, цаашид уг асуудлаар нээлттэй мэтгэлцээн, хурал зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөгөөтэй буйгаа ташрамд дурдъя. Та бүхний ажилд их амжилт хүсье, гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ