Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулна
2020.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулна

Тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын болон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ хүргэх хоёр дахь цогцолборыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулах, түүний газрыг сонгох зорилгоор БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар тус дүүргийн ажилтай танилцлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах бодлого баримталж байна. Гэхдээ хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамаарч тусгай цэцэрлэг, сургуульд элсүүлэн сургадаг. Энэ цогцолбор нь ердийн сургууль, цэцэрлэгт явахад бэрхшээлтэй хэсэг буюу байнгын асаргаатай, саажилттай хүүхдүүдэд боловcролын болон сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээг хүргэх юм.

Цогцолбор Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах боловч цаашлаад баруун аймгуудын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг хамруулан сургана гэж БШУЯ үзэж байна. Цогцолбор ашиглалтад орсноор Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн ачаалал буурна. 

Дараа нь БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд барьж буй 640 хүүхдийн суудалтай сургууль, 26 дугаар хороонд ашиглалтад ороод буй 920 хүүхдийн суудалтай сургуулийн ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв.

25 дугаар хорооны сургууль 2020 ондоо багтаж ашиглалтад орох бол 26 дугаар хорооны сургуулийг Улсын комисс хүлээн аваад байгаа юм. Тиймээс 26 дугаар хороонд барьсан нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн хичээлийн жилийн бэлтгэл, зохион байгуулалтыг яаралтай хангаж, ирэх даваа гарагт хичээл, сургалтаа эхлүүлэхийг удирдлагуудад нь үүрэг болгов.

ШИНЭ МЭДЭЭ