МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон
2020.09.08
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Д.Сарангэрэл: Хүн амынхаа дунд корона алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон

Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч: Б.Амартүвшин

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцлогтой. Таны хувьд Эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж, цар тахлын үед зөв бодлого барьж ажилласан. Тиймээс энэхүү онцлог бүхий яам дээр зоримог шийдэл гаргаж ажиллана байх гэсэн хүлээлт нийгэмд байна. Та энэ салбарт ямар бодлого чиглэл баримталж ажиллах вэ?

-Байгаль дэлхийгээ хайрладаг, аливааг зоосны нүхээр хардаггүй, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг хүмүүс ажиллах ёстой ийм газар бол БОАЖЯ. Надад төрийн яаманд ажилласан туршлага бий. Энэ удаад эхлээд салбарын онцлог, үндсэн мэдээлэл, дэлхий нийтийн хандлага, хууль эрх зүйн орчноо нэлээн судалж танилцлаа. Цаашид ч сууж ажиллах шаардлага бий. Ер нь томилогдсон сайд санаанаасаа ажил зохиохоос илүүтэй энэ чиглэлийн төрийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Гэхдээ ажлынхаа гүнд орж ард иргэдээ сонсоод ирэхээр амьдрал дээр тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх шаардлага бас гардаг. УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын дөрвөн жилд хийх ажил, таван жилийн хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлаад өглөө. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан яамны стратеги, зохион байгуулалтын бүтцийг мөн хэлэлцэж баталлаа.

Бид ХАН бодлого хэрэгжүүлнэ. Хамгаална, зохистой ашиглана, нөхөн сэргээнэ.

Одоо ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлого хөтөлбөрийг бодит ажил болгож хэрэгжүүлэх хүний нөөц чухал. Хоёр cap гаруй боловсон хүчний мэдлэг чадвар, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэл, ашиг сонирхлын зөрчил зэргийг бас судаллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн зүгээс шүүмжлэлд өртөөд байдаг алдаа оноонууд байна аа байна. Нэлээн өөрчлөлт, сэлбэлт сэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ талаар дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай санал солилцож байна. Хүний хүчин зүйлийг харж цаг алдаж болохгүй.

Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйл, байдлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд бодлогын чанартай томоохон асуудлууд шил дараалан хүлээж байна.

Газар хэлтсүүд гадны төсөл хөтөлбөртөө илүү анхаараад гол асуудлаа орхигдуулж буй байдал ч ажиглагдаж байна. Хариуцсан ажилтайгаа холбоотой мэдээ мэдээлэл, статистик тоо баримтаа хүн бүр арван хуруу шигээ мэдэж байх үүрэгтэй.  Ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагааны уялдаа холбоог эн түрүүнд сайжруулах шаардлагатай гэж дүгнэж байна. Ингэж байж бодлого, үйл ажиллагаа хэрэгжинэ. Бид ХАН бодлого хэрэгжүүлнэ. Хамгаална, зохистой ашиглана, нөхөн сэргээнэ. Энэ шинэ зүйл биш. Гол нь хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай.

-Монгол Улс дотооддоо “Ковид-19” цар тахлыг алдаагүй учраас манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна гэсэн. Зохих дүрэм журам гаргаж, жуулчдыг хүлээж авах ёстой гэж үзэх хүмүүс ч байна. Энэ асуудалд та ямар бодлого барьж ажиллах вэ?

-Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэхээр тусгасан. Шууд тоо заах нь дэмий. Амаа асуулгах юм болно гэж зарим хүн хэлдэг. Тодорхой том зорилт тавьж түүндээ хүрэхийн төлөө ажиллах учиртай. Тэгж байж үр дүнд хүрнэ. Ковид ч гэдэг юм уу давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд түмэн олон ойлгоно. Харин жуулчин авч чадахгүй байгаа энэ цаг хугацааг боломж болгон ашиглаж бэлтгэлээ хангах ёстой.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлж буйгаар энэ салбар хагас жилийн байдлаар 120 сая долларын алдагдал хүлээгээд байна. Байдал өөрчлөгдөхгүй бол алдагдал оны эцэст 500 саяд хүрнэ.

Саяхан Байгаль орчны сайд нарын олон улсын хуралд онлайнаар оролцлоо. Японы энэ салбарын сайд Шинжиро Койзуми их чухал мэдэгдэл хийсэн. Ковидоос болж унасан эдийн засгийг сэргээх тухай биш асуудал шийдэх цоо шинэ арга замыг бий болгох цаг иржээ. Бүх хүмүүст таалагдахаар аливаа асуудлыг шийдвэрлэх аргагүй цаг үетэй бид тулсныг тэрбээр илэрхийллээ. Мөн Ковидод хэт автаад гол асуудлаа орхигдуулахгүй байхын чухлыг Японы сайд онцоллоо. Япон улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй эрчим хүчний салбараас шинэчлэлийг эхлэх гэж байна. Нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг тэглэх, улмаар атомын цахилгаан станцаас аажмаар татгалзаж эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу Hydrogen (устөрөгч) технологи нэвтрүүлэх тухай зарлалаа. Манай улс ч өөрийн хэмжээнд эхний ээлжид 10 аймагт усан цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна. Усны бодлого хариуцсан агентлаг байгууллаа. Усны асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэж байна.

Манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 50 гаруй хувийг эрчим хүчний салбар гаргаж байна. Хэдийгээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлдэг ч хүн ам цөөнтэй учраас нэг хүнд оногдох хий дэлхийн дунджаас өндөр байдаг. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Парисын хэлэлцээрт манай улс нэгдэж 2030 он гэхэд ялгарлыг 22.7 хувь бууруулах үүрэг хүлээгээд байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд аль болох нүүрстөрөгчийн ялгарал багатай технологи ашиглах, инноваци нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс яамны бас нэг гол бодлого бол томоохон төсөл хөтөлбөрөөс эхлээд бүхий л үйл ажиллагаанд нөлөөллийн үнэлгээ хийх асуудалд онцгойлон анхаарна. Би таны асуултаас хальчихлаа. Гэхдээ бүгд холбоотой асуудал. Ковидтой үед аялал жуулчлалыг яах вэ, жуулчин авч болох уу гэж та асуулаа. Улс орон, ард иргэдийн аюулгүй байдал хамгийн чухал учраас коронавирусийн халдвар тархсан улс орны дунд байгаагийн хувьд бид маш болгоомжтой байх ёстой гэж бодож байна. Аюул ард биш урд хэвээрээ байна.

Интернетээр аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болжээ.

Энэ дашрамд хэлэхэд хүн амынхаа дунд корона алдаагүй, үзэсгэлэнт унаган байгаль, түүх, соёлын дурсгалт өвтэй зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойгоор гадны жуулчдын манай улсыг сонирхох хандлага нэмэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Интернетээр аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болжээ. Тиймээс бид бэлтгэлээ сайн хангаж байх хэрэгтэй. Ковидын дараа дэлхий хилээ нээж, аялал жуулчлалын урсгал дахин эхлэхэд жуулчдын дунд "цар тахлын халдвараас ангид. эрсдэлгүй аялах" сэтгэлзүй давамгайлах учраас цар тахлыг дотооддоо алдаагүй улс орнуудад энэ нь жуулчдыг татах давуу тал болох боломжтой гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа юм билээ.

-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар бодлоготой ажиллах вэ?

-Тогтвортой аялал жуулчлал бол эдийн засгийн тогтвортой өсөлт, байгаль, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаа гэсэн цогц ойлголт юм. Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”-ээр бодлогоо тодорхойлсон. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Тогтвортой аялал жуулчлал" төслийг Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх, нутгийн иргэдийг бичил бизнес эрхлэх боломжийг санхүүжилтээр дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг цогц ажил хийх юм.

Мөн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх" төслийн хоёр дахь шатыг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт хэрэгжүүлэх судалгааны ажлыг эхлүүллээ. Түүнчлэн Өвөрхангай, Архангай, говийн бүсийн аймагт аялал жуулчлал төслийн санал боловсруулж, ЖАЙКА олон улсын байгууллагад хүргүүлсний үр дүнд газар нь очиж байр байдалтай нь танилцах, судлах ажил явж байна. “Тогтвортой аялал жуулчлал” гэдэг нь зөвхөн нэршил бус аялал жуулчлалыг Монгол Улсын бүс нутагт жигд хөгжүүлэх, хөдөө орон нутагт эдийн засгийн урсгал бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль, соёлын өвийг хамгаалах зэргээр бодит үр дүнтэй ажил болгоход анхаарч ажиллаж байна.

-“Техник технологийн хөгжил дэвшлээс гадна унаган байгалиа үлдээх нэн тэргүүний зорилго”-ыг та барьж ажиллаж буй. Тэр ч утгаараа Монгол Улсын байгаль орчинг хамгаалах чиглэлд онцгой анхаарал хандуулах байх. Урт хугацааны бодлого, зорилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Тийм. Хамгийн түрүүнд хойч ирээдүйдээ хөгжил дэвшлээс гадна унаган байгаль үлдээх үүрэг өнөөгийн бидэнд оногдсон. Дэлхий нийтээрээ үүнийг ухамсарлаж байна. “Хүн байхгүй байсан ч байгаль байна. Харин байгаль байхгүй бол хүн байхгүй. Үүнийг хүн төрөлхтөн мартаж болохгүй" гэж даян дэлхийн байгаль орчны сангийн тэргүүн К.Родригес дэлхий нийтэд хандаж саяхан мэдэгдсэн.

Ер нь байгалиа хамгаалах асуудалд онцгой анхаарахгүй бол халаглаад ч оройтсон байх тийм нөхцөл байдал, тоон үзүүлэлтүүд “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-тай танилцахад тодорхой байна. Дийлэнх улс орнууд хөгжлийн бодлого төлөвлөлтдөө ногоон хөгжлийг чухалчилж байна. Байгалиас заяасан ус, агаар, хөрс, хүнс, түүхий эд, газар дээрх болон доорх баялаг, амьдралыг тэтгэж, оюун санааг сэргээж буй үр өгөөжийг үрээ гэсэн эхийн хайртай зүйрлэж болно. Эхийн хайр ямар үнэтэй вэ. Бид үнэлж чадах уу. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачидтай уулзаж үгийг нь сонсож байхад байгаль орчны салбарыг төсөв төлөвлөгөө, нийгэм, эдийн засагт ямар орлого оруулж байна, шууд мөнгөөр үнэлэгдэх баялаг бүтээдэггүй гэх төр засаг, шийдвэрлэх түвшний буруу хандлагыг та засаарай гэж захиж байна лээ. Ийм ойлголттой яваад байвал байгальдаа хөрөнгө оруулж тордох, нөхөн сэргээж хамгаалах ажил орхигдож нэг мэдэхэд орших уу, эс орших уу дээрээ тулсан байх вий гэж анхааруулсан. Үүнийг маш чухал сануулга гэж ойлгож байна.

Байгаль хамгааллын улсын төсвийн жилийн зардал 44 тэрбум төгрөг, үүний 79 хувь нь хувь нь системийн байгууллагын урсгал зардалд, 21 хувь буюу есөн тэрбум төгрөг л ойжуулах, нөхөн сэргээх зэрэг байгаль хамгааллын ажилд оногдож буй нь нэн чамлалттай юм.

Тиймээс ирэх оны төсөвт энэ асуудалд анхаарахаас аргагүй. Байгалиа хамгаалж, доройтсоныг нь сэргээж байж үр өгөөжийг нь тогтвортой хүртсээр байх болно. Баялаг бүтээж, төсөв бүрдүүлдэг гэгддэг хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын үйл ажиллагаа баталгаатай, өсөлттэй байх үндэс болно. Хүн ам, эдийн засгийн хурдацтай өсөлт, хотжилт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагааны улмаас сүүлийн 25 жилд дэлхийн эко системийн тэнцвэрт байдал 60 хувиар буурсан байна. Тиймээс дэлхий нийтээрээ байгаль орчны тогтвортой байдалд онцгойлон анхаарч байна. Ковидын үед ч уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлын асуудлыг орхигдуулалгүй дэлхийн байгаль орчны сайд нарын онлайн хурал чухамдаа энэ сэдвээр болсныг дээр хэлсэн. Олон улсын ELD байгууллагын “Газрын үнэ цэнэ" тайланд хүн төрөлхтөнд үзүүлж буй эко системийн жилийн үйлчилгээний үнэ 145 их наяд ам.доллар гэжээ. Манай эрдэмтэн судлаачид энэ жишгээр тооцож Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутаг"-ийн өгөөж 88 тэрбум ам.доллар буюу 250 их наяд төгрөг гэж үзсэн байна. Тэгэхээр бид ийм үнэ цэнэ бүхий өгөөж баялаг, унаган байгалийг тусгай хамгаалалтад авч, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн байгаль орчны тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байна.

Агаарын бохирдлыг бууруулах, эхний ээлжид гэр хороолол болон аялал жуулчлалын маршрутын дагуу “эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг тусгай хамгаалалтад авах, Хөвсгөл нуураа судлах, Туул голоо хамгаалах, усны нөөцийг бохирдол, хомсдолоос сэргийлэх цогц бодлого хэрэгжүүлэх, ойн талбайгаа нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэр байгуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уул уурхайн улмаас эвдэрсэн газруудыг Экологийн цагдаагийн байгууллагатай хамтран нөхөн сэргээлт хийлгэх зэрэг салбарт тулгамдаж буй гол асуудлыг барьж авч ажиллахаар бид төлөвлөсөн байгаа.

-Манай улсад цөлжилт дээд цэгтээ хүрсэн. Цөлжилтийг бууруулж, ойжуулах ажилд хэрхэн ажиллах вэ?

-Цөлжилт санаа зовних түвшинд хүрснийг тоон үзүүлэлтүүд харуулна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт газар нутгийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ. Үүний 49 хувийг хүний үйл ажиллагаа, 51 хувийг байгалийн хүчин зүйл гэж үздэг. Хэдэн тоо баримт хэлье. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур манайд 2.24 хэмээр нэмэгдсэн. Гэтэл дэлхийн дулаарал дунджаар 100 жилд 0.8 хэмээр нэмэгдсэн байна. Дулаарлыг 1.5 хэмээс 1 хэтрүүлбэл аюултай гэж  үздэг учраас нэг талаас 2.24 хэмээр дулаарчихсан, нөгөө  талаас газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбарын бүтэц, амьдралын хэв  маяг зэргээс улбаалан манай улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны тоонд орж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн, улмаас гол ус ширгэж хатах,  мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр хуурайшин доройтож цөлжих, ой мод түймэр, хортон  шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн тоо нэмэгдэж байна. Жилийн дундаж температур нэмэгдсэний улмаас ууршилт ихсэж, хуурайшилт 3-15 хувиар нэмэгдсэн байна. За үүний зэрэгцээ бидний байнга ярьж хэлдэг, бүр сайн мэддэг ч дорвитой арга хэмжээ авалгүй  олон жил болсон асуудлууд цөлжилт, газрын доройтолд  нөлөөлжээ. Бэлчээрийн, даацыг олон жил хэтрүүлэн ашиглаж талхалж байгалийн өвс  ургамалд нөхөн төлжих боломж, өгдөггүйн улмаас ургамлын зүйл төрөл цөөрч, шарилж ихсэж  буйг эрдэмтэд хэлж байна.

Газар тариалан, уул уурхайн  зохисгүй ашиглалт ч байгаль орчны доройтолд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна. Тиймээс Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Ногоон хөгжлийн бодлого" бүлгийг тусгайлан оруулж байгаль орчноо хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа.

Цөлжилтөд тэсвэртэй тоорой, сухай, жигд, бургас, хайлаас, гүйлс, бүйлс, чацаргана зэрэг модыг үр болон мөчрөөр тарьж бойжуулж байна. Энэ онд элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг, шандын эхийг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтийн мониторинг судалгаа шинээр хийж эхлээд байна. Мөн Монгол орны байгалийн ургамлын үрийн нөөц бий болгох ажлыг эхлүүлснээр уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалтаас үүдэлтэй доройтсон газар, устаж алга болсон ургамлыг нөхөн сэргээхэд ашиглах үндсэн бааз суурьтай болох юм.

-Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн гол цөмийг усны нөөц хэмээн тодорхойлж байна. Усны нөөцийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Бас л таагүй тоо хэлэх нь. Жил бүр УИХ-аар “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан" сонсдог дэг тогтсон нь маш чухал. Энэ нь монголчууд бүгдээрээ байгаль дэлхий маань юу болоод байгаа талаар бодит мэдээлэл авч дор бүрдээ нэгийг бодоход ач холбогдолтой. Хамгийн сүүлийн тайлангаар жилд дунджаар 608,300,0 сая шоо метр усны нөөц бүрэлдэн тогтдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 564,800,0 сая шоо метр болж буурсан байна.

-Та орон нутгийн томилолтоор Хэнтий аймаг, тэр дундаа сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцсан. Энэхүү ажил аль шатандаа явж байгаа вэ?

-Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах ажлын баг, гүйцэтгэгч байгууллага, эрдэмтэн судлаачид, түүх, археологийн мэргэжилтнүүд, уран барилгачид, сийлбэрчид гээд хамаарал бүхий хүмүүсийн төлөөлөлтэй эхлээд уулзаж дараа нь газар дээр нь очиж ажилласан. Хэнтий аймгийн Биндэр суманд “Эзэнт гүрэн- Их хуралдай”, Чингис хадны төрсөн нутаг Дадал суманд “Их эзэн Чингис хаан”, Норовлинд“Шихихутаг-Их засаг хууль” Батноров сумын нутагт “Анд барилдлага өргөө”, Өмнөдэлгэр суманд “Монголын нууц товчоо” нэртэй өөр өөрийн онцлог бүхий таван байгууламжийг 2024 он хүртэл ээлж дараатай ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажил эхлээд явж байна. Энэ төсөл дээр БОАЖЯ, Соёлын яам, Түүхийн хүрээлэн, Чингис хаан судлалын хүрээлэн, Монгол Улсын урдаа барьдаг уран бүтээлчдийн бүхэл бүтэн баг батлагдсан зураг, төсвийн дагуу ажиллаж байгаа юм билээ. Дээрх бүтээн байгуулалтууд Монголын түүхэн дархлаа, өв соёлыг таниулахад нэн чухал төдийгүй орон нутагт ажлын байр бий болох, бараа, бүтээгдэхүүн борлуулах зэргээр сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд шууд үзүүлэх эерэг нөлөө ихтэй.

Төслүүдийн үр дүнд шууд байдлаар 400 хүн ажилтай болж, 3,000 гаруй иргэн үр ашгийг хүртэх тооцооллыг ТЭЗҮ-ийн хүрээнд хийсэн байна. Түүнчлэн Монгол Улсад аялдаг нийт жуулчдын 10 гаруй хувь нь Чингис хаантай холбоотой түүхэн аялал жуулчлалын зорилгоор ирдэг тул энэ тоо 100 мянгад хүрнэ гэж тооцоолж байна.

Мөн монгол туургатнууд ирэх урсгал нэмэгдэнэ гэж үзэж буй. Ер нь аялал жуулчлалын салбар 88 мянган ажлын байр бий болгосноос Ковидын улмаас энэ тоо 30 хувиар буурсан. 2024 онд ажлын байрыг 100 мянгад хүргэх төлөвлөгөө бий.

-Ан агнуурын квоттой холбоотой эрх ашиг нэлээд яригдаж, үе үеийн сайд нар шүүмжлэлд өртдөг. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Энэ бол хуулиар зохицуулагддаг ажил. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Агнуурын бүс нутаг тус бүрд мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж нөөцийг тогтоосны дараа яам аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн агнаж болох тоо хэмжээний тухай дүгнэлтийг үндэслэн Засгийн газарт санал хүргүүлдэг тогтолцоотой.

ШИНЭ МЭДЭЭ