МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймагт хийгдэх замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа
2020.09.10
Зам, Тээвэр

Сэлэнгэ аймагт хийгдэх замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Зам, тээвэрийн хөгжлийн сайд Л.Халтартай уулзлаа. Уулзалтаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгийн Түшиг-Шаамар чиглэлийн 131 км, Баруунбүрэн-Орхонтуул-Баянхангай чиглэлийн 182 км, Дархан-Сүхбаатарын төв замтай холбогдох Хушаатын 20 км, Ерөө-Бугантын 70 км, Хүдэрийн 9.5 км авто зам болон Орхонтуул сумын Орхон голын гүүр, Хярааны гүүрийн ажлыг эхлүүлэх, улмаар барьж ашиглалтад оруулах талаар хүсэлт тавьж, салбарын сайдаас тодорхой хариу авлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын гишүүн Ч.Ундрамд хандан орон нутгийн иргэдийнхээ ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засагт үр өгөөжөө өгөх дэд бүтцийн асуудлыг хөндөж буйд талархалтай хандаж буйгаа илэрхийлээд цаашид хамтан ажиллах болно гэв. Улмаар уулзалтын хүрээнд яригдсан Түшиг-Шаамар чиглэлийн 131 км авто замын ажлыг энэ онд эхлүүлэх, Баруунбүрэн-Орхонтуул-Баянхангай чиглэлийн 182 км авто замын ТЭЗҮ-г хийлгэх, орон нутгийн чанартай бусад авто зам, гүүрийг МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан Нутгийн зам хөтөлбөрт хамруулах байдлаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Ингэснээр Сэлэнгэчүүдийн хувьд олон жилийн турш яригдаж, шийдэл хүлээж байсан зам, гүүрийн ажлууд урагшилж эхнээсээ баригдах боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ