МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна
2020.09.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар тойрогтоо ажиллаж байна. Тэд Хужирт суманд баригдах цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслолд оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж Азийн хөгжлийн банкны санхүүжилт, БХБЯ-ны захиалгаар “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн хүрээнд барихаар болсон. 

Угсралтын ажил 85 хувьтай байгаа энэ цэвэрлэх байгууламж хоногт 310  шоо м бохир усыг механик болон биологийн аргаар цэвэршүүлнэ. 4.4 км бохирын шугам, 130 шугамын худаг, лаг хадгалах талбай бүхий уг байгууламжийн нийт өртөг 3.2 тэрбум төгрөг байх юм.

Цэвэрлэх байгууламж ирэх оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Ингэснээр байгаль орчныг бохирдуулж байгаа,Хужирт суманд ажиллаж буй рашаан сувиллуудаас гарч буй бохир усны асуудал шийдэгдэнэ.

Хужиртаас Бат-Өлзий хүртэлх авто замын бүтээн байгуулалт хийгдэнэ

Гишүүдийг Бат-Өлзий суманд ажиллахад нутгийн иргэд Хужиртаас Бат-Өлзий хүртэл зам тавих бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөснийг сайшааж байгаа бөгөөд яаралтай эхлүүлэхэд анхаарахыг захиж байв. 

Мөн жуулчид олноор зорьдог газруудын маршрут тодорхойгүйгээс олон зам гарч, энэ нь бэлчээр сүйдэх, хөрс эвдэх гол шалтгаан болж байна хэмээн иргэд шүүмжилж байсан. Уулзалтын үеэр нутгийн ахмадууд өөрийн гэсэн байртай болох, хүүхэд залуучууд Спорт заалтай болох хүсэлт гаргаж байсан юм.

ХӨДӨӨД ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЗЭЭЛИЙН ШАЛГУУР ӨНДӨРДӨЖ БАЙНА 

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд Уянга суманд хоёр уулзалт хийлээ. Жаргалант баг болон сумын төвд хийсэн уулзалтуудын үеэр иргэд сум орон нутагт тулгамдаж байгаа олон асуудлын талаар ярьсан. 

Уянга сумын хувьд хүн ам олонтой ч сайн дураар нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлж буй 1000 гаруй хүн л байдаг нь хангалттай биш. Иймд Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуулийн хэрэгжих хугацааг уртасгах, төлөх мөнгөн дүнг бууруулах боломжтой эсэхийг тодруулж байсан.

Уулзалтын үеэр ярьсан бас нэг асуудал нь сум орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн жижиг зээлүүд хүндээ хүрэхгүй байгааг гишүүдэд уламжилж байлаа.

УЯНГА СУМАНД 100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАНД ОРЖ, СУРГУУЛИУД УНААТАЙ БОЛЛОО

Уянга суманд 1.7 тэрбумаар 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтанд орлоо. Ингэснээр хөдөөгийн малчдын хүүхдүүд тав тухтай орчинд амьдарч, сурч боловсрох боломж нэмэгдэж буй юм. Мөн тус сумын 2 сургууль унаатай болсон.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж санаа бодлыг нь сонсох, тулгамдаж буй асуудлыг нь шийдэх гарц гаргалгааг ярилцахын хамт төсөвт байгууллагуудаар орж, төрийн албан хаагчидтай ярилцаж, улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна. Мөн малын чанар, бэлчээрийн доройтол, боловсролын чанар, хүртээмжийн талаар иргэдийн санал, бодлыг сонсож, гарц шийдлийн талаар ярилцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ