2020.09.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
"Эрдэнэс-Тавантолгой" ХК, МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
.“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд хэд хэдэн ажил хамтран зохион байгуулна. Эхний ээлжинд МҮХАҮТ-ын 60 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 2019 оны ТОП-50 аж ахуй нэгжийн удирдлага, компанийн хувьцаа эзэмшигч аж ахуй нэгжүүдийн удирдлагыг оролцуулсан “ЭТТ бизнес форум” зохион байгуулах юм.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойг тэмдэглэх хүрээнд уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, технологи сайжруулах, өндөр техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрийн технологи, инновац, үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр туршлага, арга зүй судлах, компанийн засаглал, захиргаа, удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөдөлмөрийн харилцааны чиглэлээр танхимын гишүүн байгууллагатай хамтран ажиллах юм.
Санамж бичигт бичил, жижиг дунд бизнес, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөр санаачлан хамтран хэрэгжүүлэхээр тусгасныг талууд онцлов. Түүнчлэн танхимаас явуулж буй эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчинтой холбоотой бодлогын судалгаанд идэвхтэй оролцох, уул уурхайн мега төслийг дагалдсан бүс нутгийн кластерыг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг хамтарч боловсруулахад хамтран ажиллана.