Хэнтий аймагт “Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүллээ
2020.09.22
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймагт “Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүллээ

“Эргэх холбоо" хөгжлийн хөтөлбөрийн 43 дахь форум Хэнтий аймагт албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бүх сум, тосгонд ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, ойрын үед шуурхай шийдвэрлэх ажлуудын талаар иргэдийн өөрсдийнх нь  гаргасан хүсэл, сонирхлыг тэр дор нь эрэмбэлээд хамгийн өндөр санал авсан 5-8 ажлыг төрийн бодлогод тусгуулах нэгэн шинэлэг аргыг эхлүүлээд байна. 

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар газар тариалангийн бүс Дархан, Сэлэнгэ аймагт ажиллахтай давхацсан учир энэ удаад УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал, Мөрөн, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумын ажилтай танилцав.

Сумандаа хийгдэх шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтад багтсан төсөл, хөтөлбөрүүдийг өөрсдөөр нь эрэмбэлүүлж, улмаар хамгийн өндөр санал авсан ажлуудыг төрийн бодлогод тусгуулах шинэлэг аргыг жишиг болгож эхлүүлэн эргэх холбоотой ажиллаж буйд иргэд талархаж байлаа.

Аймаг, сумандаа иргэд сайхан амьдрахын тулд төр засаг тогтвортой байх, хийх ажлаа урт хугацаанд төлөвлөх нь хамгаас чухал юм. Зарим суманд Соёлын төв, ЕБС, дотуур байрны барилга нэн хэрэгцээтэй байхад нөгөө суманд ЗДТГ-ын байр, спорт заал, ЭМТ-ийн барлгын засвар шаардлагатай байдаг. Энэ бүхнийг шууд ардчиллын зарчмаар иргэдийн саналд тулгуурлан шийдвэрлэж, сум бүрийг хөгжүүлэх замаар Хэнтий аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл юм. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт бүрийг, тэр дундаа хөдөөгийн иргэд, малчдад илүү хамаатай бодлогын шинэчлэлийг салбар салбараар нь дэлгэрэнгүй танилцуулсан. Төвлөрлийг сааруулах цогц бодлогын хүрээнд ипотекийн зээлийг хөдөөд 6 хувь болгож бууруулах, зүүн бүсийн аймгуудын иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоог “Сайд нарын-2” эмнэлэгт үзүүлдэг болох бэлтгэл ажил хангаж байгаа, удахгүй орон даяар  хэрэгжих төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах бодлогыг малчид цаг хугацаа, мөнгө хэмнэх давуу тал болгож малын бэлчээрээсээ ч ашиглах боломжтой зэргийг танилцуулсан юм. Мөн “COVID-19” цар тахалтай холбоотой дэлхий нийтийг хамарсан хүндрэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг ч танилцуулсан.

Хэнтий аймгийн иргэд өвлийн бэлтгэл хангахтай холбоотой хадлан тэжээлийн хүрэлцээ, отрын бүс нутгийн маргаан,  малын бэлчээр, усжуулалтын хүндрэл, зарим хариуцлагагүй уул уурхайн талаар нийтлэг санал, хүсэлтийг УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарт илэрхийлж, боломжтой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэлээ. 

“Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийн уулзалтыг энэ сарын 24-29-нд Хэнтий аймгийн бусад суманд зохион байгуулна. 

 

ШИНЭ МЭДЭЭ