МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх НҮБ-ийн суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа
2020.09.23
Гадаад харилцаа

Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх НҮБ-ийн суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв.  Дэлхийн Улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ.

Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж байх явцдаа хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100.000 төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг зориуд тэмдэглэн хэлье гэв.

Улмаар НҮБ-аас  нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенс, Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга К.Ишикава, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Туслах суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь үндэсний хөтөлбөрийн менежер В.Лютенко зэрэг хүмүүс оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ