2020.09.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
М.Оюунчимэг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгуулна
Үе үеийн парлементын эмэгтэй гишүүд хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллаж ирсэн.
Энэ удаагийн парламентын 13 эмэгтэй гишүүн ч энэ жишгээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулан эмэгтэйчүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна.Тус бүлэг нам харгалзахгүй, улстөржихгүйгээр асуудалд хандаж, нийгмийн бүхий л болж бүтэхгүй зүйлийн суурь нь болсон архидалтын эсрэг хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг гарган ажилллаж байгаа юм.
Мөн тус бүлэг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл орчинд амьдрах боломжийг бий болгох чиглэлээр хамгийн түрүүнд анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийлж, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байгаа.
Харамсалтай нь хоёрхон хоногийн өмнө Баянзүрх дүүрэгт есөн настай охин хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг олон нийтийг сэрдхийлгэлээ.
Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийг буруулах, цаашид таслан зогсоох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонссон юм.