Ховдын төрийн албан хаагчид, оюутан залуус Энэтхэг улсад суралцана
2020.09.29
Гадаад харилцаа

Ховдын төрийн албан хаагчид, оюутан залуус Энэтхэг улсад суралцана

Энэ онд Монгол Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн урилгаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг,  УИХ-ын гишүүн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүн Ч.Ундрам нарын албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа: Энэ онд Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна.  Өнгөрсөн хугацаанд Энэтхэг Монголын харилцаа бүхий л түвшинд эрчимтэй хөгжиж ирсэн гэдгийг та бид мэднэ. Миний бие Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үеэсээ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүний хувиар ч Элчин сайд М.П.Сингхтэй хэд хэд уулзаж байсан.Тухайн үед ярьж хөөрсөн зарим асуудлаараа гишүүн болсныхоо дараа мөн уулзаж ярилцсан. Ингээд хоёр орны дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Ховд аймагт ажиллахыг урьсан юм.

Элчин сайд М.П.Сингх Монголын баруун хязгаар Ховд аймагт анх удаа зочилохдоо орон нутагт Энэтхэгийн кино өдрүүд арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ энэ сарын 27-29- нд үргэлжлэх бөгөөд  Ховдчуудыг үнэ төлбөргүй кино үзүүлэх юм байна.

Түүнчлэн Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар Монголд нефтийн үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Энэтхэг улсаас хүүхэд залуучуудын боловсрол, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг цаашид хийхээр төлөвлөж байна.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав төрийн албан хаагчид тэр дундаа нарийн мэргэжлийн эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалт,  хөтөлбөрт хамруулахыг хүсч буйгаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ