Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаа
2020.09.30
Орон нутгийн хөгжил

Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Ажлын багт багтсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь аймгийн төв Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль болон тавдугаар цэцэрлэгийн ажилтай танилцаж, нэн шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Сайд дээрх аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан салбарын зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, тэдний сонирхсон асуултад хариулав.

Сайд хэлсэн үгэндээ аймгуудын Боловсролын газрын бүтэц, зохион байгуулалтыг улсын хэмжээнд ижил байлгах эрх зүйн зохицуулалттай болгох, насан туршийн боловсролын эрх зүйн орчныг шинэчлэх талаар дорвитой алхам хийнэ гэв.

Говьсүмбэр аймгийн тухайд ерөнхий боловсролын 5 сургуульд 4019 сурагч суралцаж, 185 багш ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын 11 цэцэрлэгт 1514 хүүхэд хүмүүжиж, 74 багш ажиллаж байгаа аж.

Сүмбэр сумын 2 дугаар сургууль, Шивээговь сумын 3 дугаар сургуулийн хөрөнгийг 2021 онд шийдвэрлэхэд анхаарч өгөхийг салбарын сайдаас хүслээ.

Дорноговь аймгийн хувьд, Элсэлтийн ерөнхий шалгалтын байраа 2016 оноос долоогоор ахиулж, 2019 онд улсын хэмжээнд гуравдугаарт шалгарсан тухайгаа, мөн багшийн хөгжлийг дэмжих “Алтанзул” үйл ажиллагааг жил бүр амжилттай зохион байгуулж байгаа талаараа танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ