МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ
2020.10.02
Эдийн засаг, Худалдаа

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төсөл санаачлагчийн илтгэлдээ, "COVID-19" цар тахал олон улсад хурдтай дэлгэрснээр дэлхийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, гадаад болон дотоод эдийн засгийн орчны байдал, цаашдын төлвийг эрс өөрчилсний зэрэгцээ буцаж сэргэх хугацаа тодорхойгүй байна. Хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаар хэрэгжүүлсэн гадаад болон дотоод карантин, хөл хорионы арга хэмжээ нь бизнесийн үйл ажиллагааг хумьж, зах зээл дээр савлагаа үүсгэн эдийн засагт хүчтэй агшилт, уналтыг бий болгоод байгаа" гэв.

Мөн коронавируст цар тахал хүмүүсийн хөдөлмөрлөх, хэрэглэх, хадгалах зан, төлөв болоод хөрөнгө оруулалтын шийдвэр, бизнесийн арга барил, нийлүүлэлтийн сүлжээнд олон өөрчлөлтийг түр зуур, зарим тохиолдолд бүрмөсөн бий болгосноор эдийн засагт бүтцийн шинжтэй шилжилт үүсэж байгааг дурдлаа.

Цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөө уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээ болон боловсруулах салбарт бизнесийг хязгаарлаж, өрхийн ажил эрхлэлт, цалин орлогод сөрөг үр дагавар үүссэн байна. Экспортын орлого хумигдаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөцөд дарамт учруулсан бол татварын орлого хумигдаж, төсвийн зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал тэлжээ. Төрөөс санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч макро орчны эрсдэл, банкуудын эрсдэл даах чадвар хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалаад зээлийн нийлүүлэлт саарах хандлагатй байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулгадаа дурдсан.

Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байсан.
Гэвч цаг үеийн нөхцөл байдлын улмаас Төв банкны инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцогч бүх талын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, холбоо нь нэн чухал үүрэгтэй гэв. Чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлэх явц удаан хугацаанд үргэлжилдгээс барьцаа хөрөнгийн үнэ цэнэ алдагдахын зэрэгцээ түүнтэй холбоотой гарч буй зардал банкны зээлийн хүүг нэмдэг тул зээлийн хүүг бууруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх процессыг хурдасгах хууль тогтоомжийг боловсронгуй болгоход нягт хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэсэн.

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амаглан, “Ипотекийн зээл мөлжлөгийн тогтолцоотой. Иргэн зээлээ төлөөд байхад л үндсэн төлбөрөөс биш хүүгийн төлбөрөөс хасагдаж байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Мөн уул уурхайн бус салбарын экспортыг нэмэх бодлогын талаар тодрууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уул уурхайн бус салбарын экспорт, тэр дундаа жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг бүрдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болж, арижлааны банкуудтай уулзаж тохирсон гэдгийг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 2020-2021 онд зээлийн хүү хэдэн хувиар буурах боломжтойг тодруулсан юм. Зээлийн хүү энэ онд 1 хувь бууруулсан бол ирэх жил дахин нэг хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгааг Монголбанкны удирдлагууд онцлов.

Ирэх 4 жилд сарын 1 хувь буюу жилийн 12 хувь болгон багасгах бодлого баримталж байгаа аж.

Түүнчлэн УИХ-ын гишүүд энэ онд Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар агшсан, гадаад өр, Монголбанкны худалдаж авсан үнэт металлын хэмжээг тодрууллаа. Энэ оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засаг 9.7 хувиар агшсан. Хорио цээрийн дэглэмтэй холбоотой уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсантай холбоотой аж. Одоо дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнөөс гадна нүүрснийэкспортын хэмжээ нэмэгдэж байгаа тул эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.

Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс Засгийн газрын өр 7.8  тэрбум, 2 тэрбум нь Монголбанк, БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл, 1.8 тэрбум нь арилжааны банкуудынх, бусад салбарт 8.1 тэрбум ам.долларын өр байгаа аж. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт буюу 11 тэрбум ам.долларын 10 орчим нь Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын өр гэдгийг хэллээ. Монголбанк өнгөрсөн оны эхний 10 сард 15 тонн металл худалдаж авч байсан бол энэ онд 17 тонныг авсан байна.

Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

ШИНЭ МЭДЭЭ