У.ХҮРЭЛСҮХ: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших ёстой
2020.10.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

У.ХҮРЭЛСҮХ: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Боловсрол, шинжлэх ухааны яам, харьяа байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзан, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, зорилгын талаар мэдээлэл хийн, дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. Хүүхэд бүрийг эрүүл чийрэг, монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллах.
  2. Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг шинээр барьж, өргөтгөн, хамран сургалтын хувийг ахиулсан бол ирэх дөрвөн жилд сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах.  
  3. Багшийн ур чадварыг хөгжүүлж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  4. Тусгай хэрэгцээт боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн сурах эрхийг хангаж ажиллах. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжих, сурах онцлогийн талаарх мэдлэг, ойлголт, эерэг хандлагыг бүх багш, эцэг эхэд төлөвшүүлэх  
  5. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар нь хөгжлийн зүтгэх хүч, чиглүүлэгч байх ёстой. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм шинжилгээний санхүүжилтийг 4 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэд Монгол орныхоо хөгжилд бодит үр дүн үзүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлэхийг та бүхэнд үүрэг болгож байна.

Оюун боловсролтой, эрдэм мэдлэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүлэх нь Монгол төрийн бодлого, анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд иргэдийнхээ сурч мэдэх, тасралтгүй хөгжих зүй ёсны тэмүүллийг дэмжин, ажиллахыг хүсье гээд амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ