Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин бүрдүүлсэн жишиг сургууль ашиглалтад орлоо
2020.10.07
Орон нутгийн хөгжил

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин бүрдүүлсэн жишиг сургууль ашиглалтад орлоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн 53-р сургуулийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо.

Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор тус дүүргийн 8,16,19,24-р хорооны хамран сургах тойргийн 3000 хүүхдээс 1000 хүүхдийг шинээр хамруулж нийт 80 бүлэгт 128 багштайгаар 2732 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж, 3 ээлжээс бүрэн гарч 2 ээлжинд шилжлээ.

Анги танхимын зохион байгуулалт, тохижилт нь сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрэн хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг давхар бүрдүүлсэн жишиг сургууль боллоо.

Төслийн захиалагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажилласан байна.

Энэ өргөтгөлийг барьж байгуулахад буцалтгүй тусламж үзүүлсэн Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэн, Элчин сайдын яаманд талархал илэрхийлж байна. Мөн энэ ажилд дэмжин ажилласан Боловсрол, Шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар болон бусад бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. ЕБ-ийн 53 дугаар сургуулийн Л. Амарсанаа захиралтай хамт олонд баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь улам амжилт хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ