2020.10.12
Орон нутгийн хөгжил
Г.Занданшатар: Иргэд 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно
УИХ-ын дарга Г.Занданшатар 10-р сарын 10 ны бямба гарагт Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүд Авлигын эсрэг, Инновацийг дэмжих, Ардын эрүүл мэндийг хамгаалах, Уул уурхайн салбарыг дэмжих, Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, Байгаль орчныг хамгаалах, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын бүлгэм байгуулж идэвх санаачилгатай ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Энэ удаагийн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог шинээр байгуулсан. Цаасгүй цахим Парламент болох ажил бодитоор хэрэгжиж байна.
Удахгүй иргэд төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно. Хүнээс эсвэл ТҮЦ машинаас лавлагаа авдаг байдал үгүй болж гар утаснаасаа хүссэн лавлагаагаа авах боломж бүрдэж байна гэлээ.
Мөн УИХ-ын дарга халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох зорилт, бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “хуулийн реформ” хийх зэрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаа Баянзүрхчүүдэд танилцуулсан юм.
Баянзүрх дүүргийн иргэд дүүрэг, орон нутагт улс төржилт их байгаа талаар, архидалтын асуудал, дахин төлөвлөлт зэргийг хөндөж саналаа хэлж байлаа. УИХ-ын дарга хуулийн хэрэгжилтийг анхаарч, хяналт шалгалтыг сайжруулна гэлээ.