МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.16
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Хөдөө орон нутагт хөнгөлөлттэй эмийн болон эмчилгээний төсөв бага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 
  1. Дулааны станцын дэд бүтцийн ажил нь улсын төсөвт ороогүй байна. Эрчим хүчний яамнаас 95 тэрбум төгрөгийн санал явуулсан байна. Дэд бүтцийг хийхгүй бол дулааны станц барьсны ашиг гарахгүй болно.
  2. Эрүүл мэндийн салбарын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцэж байна. 2003 онд энэ харьцаа 6.7 хувьтай байсан байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа төсвийг нэмэх боломж байна уу? Хөдөө, алслагдсан аймаг орон нутагт ажиллаж байгаа эмч нар санал тавьж байна. Хөнгөлөлттэй эмийн болон эмчилгээний төсөв бага байна.
  3. Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт байшин барилга ихээр баригдаж байна. Гэтэл үйл ажиллагаа явуулах шаардлагатай тоног төхөөрөмж, сургалтын материал дээр төсөв бага тусгагддаг энэ тал дээр нэмэх боломжтой юу?
  4. Өвөлжилт хүндэрч байгаа 6 аймаг байна. Аймгуудыг дундчилдаг. Харин сумууд алаг цоог 5,6 сум гантай байна. Сумуудад тус тусад нь үнэлгээг газар дээр нь хийх боломж байна уу? Отор орж ирэхэд малын хөлийн тоог тавьсан байдаг ч тэр нь бодит амьдрал дээр таардаггүй. Өвс тэжээл отор нүүдэлд очиж байгаа талдаа өвс тэжээлийг татаж авах ямар бодлого байна вэ? Энэ тал дээр хангалттай төсөвлөж, нөөцөлсөн зүйл байдаг уу?
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

10 аймагт баригдах дулааны станцын тендерийн ажиллагаа нь одоо хүртэл баригдаж байгаа. Яг гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй байгаа. Гэрээ байгуулагдаад ажлууд эхлэхээр шугам ,сүлжээний асуудлуудыг зураг төсөвтэй нь жинхэнэ бодитой тоотой нь гаргаж тавина.

Энэ жил эрүүл мэндийн салбарын багц реформын асуудлыг бүхэлд оруулж ирээд шийдээд явж байна. Хөнгөлөлттэй эмийн оочер дараалалтай, хүртээмжгүй өгдөг асуудал дахиж гарах учиргүй. Бүх хөрөнгө мөнгийг нь нэмээд тавьсан байгаа. Энэ жил эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 225 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж өгсөн.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Эрүүл мэндийн 2021 оны төсөвт 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутаг, Улаанбаатарт тэгш хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарч ажилласан. Урьд жилүүлдэд санхүүжилтийн тогтолцоо нь буруу байсан. Тухайлбал эмчилгээнд нь 800.000 төгрөгийн зардал гараад байхад, санхүүжилт нь 500.000 төгрөг өгөөд байдаг. Эрүүл мэндийн байгууллагууд нь тусламж үйлчилгээ өгөөд байх тусам санхүүгийн асуудалд ороод байдаг тогтолцоо урьд нь гараад байсан.

Харин 2021 онд ямар оношийн бүлгээр, ямар үйлдэл хийсэн бэ гэдгээр санхүүжнэ. Бодит өртгийн жингийг нь тооцоолсны үндсэн дээр эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийг олгосноор энэ бэрхшээл арилна гэж найдаж байна.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад шаардлагагүй эмүүд орсон тохиолдлууд нэлээн байсан. Олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмүүд ороогүй тохиолдлууд байна. Цаашдаа олон улсын стандартын шаардлага хангасан эмүүдийг жагсаалтад оруулах тал дээр анхаарна. Хөнгөлөлттэй эмүүдийг олгох үйл явцын тал дээр нэлээн өөрчлөлтүүд хийнэ.

Бүх эмч нар тухайн эмийн жорыг бичдэг, аль ч эмийн сангуудаас очоод авдаг боломжийг бүрдүүлэх. Мөн харилцан адилгүй эмийн сангуудад хуваарилагддаг. бөгөөд эхний гурав хоногт дуусдаг байсан. Энэ оны 11 сарын 1 ээс энэ байдал өөрчлөгдөж эхэлж байгаа. Бүх эмийн сангуудад гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг нь олгоно. Цаашдаа олон улсын стандартад нийцсэн, хөнгөлөлттэй эмийг ямар нэгэн чирэгдэлгүйгээр авах боломж бүрдэж байгаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

10 аймагт дулааны станц барих тендер хоёр удаа зарлагдсан. Эхний удаагийн тендерт оролцогч ороогүй, хоёр дахид босого үнэ хэтэрсэн. Одоо есөн аймагт тендер зарлагдах боломжтой болсон учраас тендерийн бичиг баримт тавигдах шаардлагыг намсгаад дахин зарлах бэлтгэл ажил хангагдаад явж байна.

Арван аймгийн дулааны станцын тендерийн гүйцэтгэл шалгарчихвал 24 сарын дотор хийгдэх ёстой. Энэ хугацаанд дахин улсын төсөвт оруулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Шадар сайд Я.Содбаатар

Нийт 6 аймаг, 75 сумд өвөлжилтийн хүндрэлтэй гэсэн урьдчилсан цаг уурын мэдээ байна. Холбогдох байгууллагууд очиж, үнэлгээ тогтоогч аймгуудаар явсан. Баянхонгор аймаг одоогоор хамгийн эрсдэлтэй байгаа. Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнө-Говь аймгууд бол их эрсдэлтэй гэсэн ангилалд орж эрсдэлийн үнэлгээ хийгдсэн. Үүний дагуу хэд хэдэн арга хэмжээ авч байна.

  1. Малын мах бэлтгэлтэй холбоотой Засгийн газраас тодорхой шийдвэр гаргасан.
  2. Өвс тэжээлийн нөөц бэлтгэх чиглэлээр ялангуяа хүндэрч байгаа зургаан аймагт тодорхой хөрөнгө мөнгийг шийдвэрлэн явуулж байна.
  3. Оторын нүүдэл зураглалыг гаргаж аль аймгийн нутагт хэчнээн өрх мал орж байгаа гэдгийг нэг бүрчлэн тодорхой арга хэмжээ авч байна. Харин Завхан аймаг эрсдэлтэй аймагт орохгүй байгаа. Хэрэв эрсдэлтэй байгаа бол аймгийн онцгой комисс сумуудад эрсдэлийн үнэлгээ хийх эрх байгаа. Аймгуудад аюулгүй нөөц байдаг түүнийгээ Завхан аймаг бэлдсэн байх.

ШИНЭ МЭДЭЭ