МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.16
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Зээл тусламжаар хөгжсөн улс орон гэж байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Тодотголоор 4 их наяадын алдагдалтай төсөв тодотгосон. Одоо 2 их наяадын алдагдалтай байна. Төсвийн алдагтай батална гэдэг бол хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг. Зээл тусламжаар хөгжсөн орон гэж байхгүй. 

  1. Орлогыг нэмэгдүүлэх боломж бол Оюутолгой. Оюутолгойтой хэлэлцээрийн ширээнд суух ганц эрхтэй хүн бол та. Оюутолгойтой нэн даруй хэлэлцээрт сууж, яаралтай энэ гэрээг өөрчилөх хэрэгтэй. Шударга бус гэдэг нь  тодорхой болсон. Өдөр шөнөгүй 400 тэрбум долларын төгрөгийн баялаг зөөж байна. Наад зах нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд Оюутолгой таван хувийг Монголын Засгийн газарт өгдөг бол ГОК 16 хувийг өгдөг. Засах зүйл их байна. Хэзээ хэлэлцээрийн ширээнд суух вэ?
  2. ГОК-ийн 49 хувь Их хурлаас Монголын засгийн газар ав гэж маргалдаад яваа сураг байсан. Үүнийг авсан уу? Хаана явна вэ? 51 хувийн олон сая доллар төлсөн. Тэрийг буцааж авсан уу?
  3. Улсын гурван талт хэлэлцээрийн үндсэн зарчим болох татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, хөдөлмөр хийж байгаа хүмүүсээс бид мөнгө аваад энэ төсвийг ярьж байгаа. Тэр эзэддээ төсвийн талаар улсын гурван талт хэлэлцээрийн зарчмаар ярьсан уу? Тэдэнтэй зөвшилцөл хийсэн үү? Тэд юун дээр зөвшөөрөөгүй, юун дээр зөвшөөрсөн бэ?
  4. 950 тэрбум төгрөг эрүүл мэндийн даатгалд 2021 онд зарцуулах юм байна. Эрүүл мэндийн яам өөрөө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гол шийдвэр гаргагч болсон. Үндсэндээ эрүүл мэндийн үйлчилгээг худалдан авагч нь Эрүүл мэндийн яамны эмнэлгүүд байгаа. Өөрөө өөрөөсөө худалдан авалт хийгээд, Өөрөө өөртөө тайлагнаад, Өөрөө өөртөө хариуцлага тооцох болчхоод байна. Эрүүл мэндийн даатгал бол татвар биш. 950 тэрбум төгрөгийг төлж байгаа даатгал төлөгч, бизнес эрхлэгчид болон хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хяналт, хариуцлага хэр шатанд байна вэ? Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хэн хэн гэдэг даатгал төлөгч биднийг төлөөлж байгаа хүмүүс байна вэ? Нэр устай нь хэлээд, тэд гарцаагүй даатгал төлж байгаа хүмүүсийг хариуцлага үүрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцлагатайгаар хүлээн авч байгаа гэдэг дээр баталгаатай, санаа зоволтгүй гэдэг дээр хариулт өгнө үү?
Түүний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.

"Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсдаа авсан. Эрдэнэт улсын үйлдвэрийн газар ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна цаашдаа ч мөн адил байна. Янз бүрийн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллээр явсан байсан. Ийм зүйл огт байхгүй. Жастын Батхүүтэй холбоотой 40 сая доллар төлсөн тухай асуудал байгаа. Хуулийн хяналтын байгууллага тодорхой өмч хөрөнгийг нь авсан. Шаардлагатай бол Эрдэнэт үйлдвэрт шилжүүлье гэж байгаа. Хууль хяналтын байгууллага нь энэ асуудлыг шийднэ гэж бодож байна".

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

"2021 оны төсөв, 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлын хувьд цар тахлын улбаатайгаар нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн, урьдчилан сэргийлэх, бизнесүүдийг хамгаалсан, өрхийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 9-р сарын урьдчилсан байдлаар 38.4 мянган аж ахуй, нэгж байгууллага шимтгэл чөлөөлөлтөд хамрагдсан байгаа. Үүнд 500.6 мянган даатгуулагч шимтгэлээс чөлөөлөгдөж, 535 тэрбум төгрөг зарцуулсан. Дээрээс нь үйл ажиллагаа нь доголдсон, борлуулалтын орлого нь буурсан, төрийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоор аж ахуй нэгж байгууллагуудын ажиллагсад, ажилгүйдлийн даатгалын сангаас тодорхой хэмжээний тусламжийг үзүүлсэн. 200.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсний дотор 7.2 мянган ажил олгогч, 75.9 мянган даатгуулагчид, 42.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон. Энэ арга хэмжээг тодорхой хэмжээнд шимтгэлээс нь чөлөөлөх, өрхийн орлогийг дэмжих бодлогыг ирэх оны хагас жилийг хүртэл үргэлжлүүлэх болсон нь хамтын гурван талт ажлын хүрээнд хийгдсэн ажлууд юм. Цаашлаад бүгд өөр өөрсдийн оролцоог илүү сайн түвшинд гаргахаар хамтран хэлэлцээд явж байна".

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

"Энэ удаагийн 950 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сандаа төвлөрөөд нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжиж байгаатай холбоотойгоор 950 тэрбум төгрөг гэж гарч байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өөрсдөө худалдан авалтыг хийхгүй. Эрүүл мэндийн үйлчилгээ хийдэг байгууллагууд стратегийн худалдан авалт хийж байгаа учраас үүн дээр зөрчил үүсэхгүй гэж үзэж байна. УИХ-ын 40-р тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг баталсан байгаа.

Өнгөрсөн чуулганаар ЗГ-ын гишүүдийн нэрс солигдсон гишүүдийг дурдвал:

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, НХХ сайд, ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Б.Дэмбэрэл,   Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Мягмар. Ажил олгогчдыг төлөөлсөн гишүүдээр: Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, "Магда" ХХК-ны захирал Ганхүү, Макро эдийн засаг, эрүүл мэнд ТББ-ын тэргүүн Чимэддавга гэсэн 9 хүний бүрэлдүүнтэй Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдсан".

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Оюутолгойн хэлэлцээр явж байгаа. Риотинто компанид Монголын эрх ашгийг хэрхэн сайжруулах вэ гэдэгтэй холбоотой 11 байдлаар саналууд хүргүүлж, ажлын хэсэг гарган ажиллалаад явж байна. Хэлэлцээр явж байх үед Риотинтой компаний удирдлагуудад өөрчлөлт орсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотой хугацааны хувьд өөрчлөлт гарч байна. Шинэ удирдлагууд ирснээр 3-4 голлох асуудал дээр бид байр суурь илэрхийлэхгүй бол болохгүй. Компанийн хувьд шилжилтийн цаг үе байна гэсэн тайлбар өгч байна.

Татвартай холбоотой Арбитерийн шүүх дээр энэ асуудал явж байгаа. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөл энэ хэлэлцээрийн хүрээнд гурван чиглэлээр ажиллана.

  1. Санхүүгийн шинжээчдийн том баг гарган ажиллах, нэг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь олон улсын санхүүгийн шинжилгээ хийх тал дээр ажиллана. Доор нь баг гарах тал дээр ажиллаад явж байна.
  2. Гүний уул уурхайтай холбоотой хүн байна.
  3. Олон нийттэй холбоотой хүн байна. Дагах бүтэц хийгдэнэ гээд хийгдээд явж байна".

ШИНЭ МЭДЭЭ