МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.16
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн саналыг судалж үзэхийг ажлын хэсэгт даалгалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчдаас асуулт асууж, санал хэллээ.


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

Би гурван асуудлаар байр суурь илэрхийлэх гэсэн юм. Нэг нь тойргийн асуудал, нөгөө хоёр нь зарчмын асуудал. 

Нэгдүгээрт, 2019-2020 онд төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт нилээдгүй хэдэн сургууль, цэцэрлэг, соёлын төв ордон барьсан. Энэ ашиглалтад ороход бэлэн болж байгаа барилгууд дотор цөөн тооны цэцэрлэг, соёлын төв дулааны шугамгүйгээс болоод ашиглалтад орж чадахгүй болчихоод байна. 2021 оны төсөвт энэ асуудлыг тусгаж чадахгүй бол энэ барилгууд ашиглалтад орж чадахгүй нь.  Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Төсөвт суулгаад явах боломж байна гэж би харж байна. 

Хоёрдугаарт, төрийн албыг чанаржуулах, үр дүнг дээшлүүлэх асуудал бол төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангаж өгөх явдал юм. Үүний дараа бид хариуцлага нэхэж болно. Манай зарим төрийн албан хаагч ялангуяа анхан шатан дээр ажиллаж байгаа хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа сумын эмнэлгийн эмч, албан хаагчид, цагдаагийн албан хаагчид, хилийн албан хаагчдын ачаалал их, ажиллах нөхцөл маш хүнд байна. Монгол улсын Засгийн газар үүнийг нэг удаа анхааралдаа авч дорвитой арга хэмжээ авч, хурд хүчтэй машинаар хангах саналыг тавьж байна. Манай гишүүд дэмжинэ гэж итгэж байна. 

Гуравдугаарт, Монгол улсын хэвтээ тэнхлэгийн авто замын хамгийн зүүн захын үзүүр одоо 124.5 км зам л үлдчихээд байгаа. Энэ Чойбалсан хотыг Хавиргын хилийн боомттой  холбох  асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Гарц гаргах хувилбар, шийдлүүд байна. Үүнийг холбогдох газруудтай нь ярилцъя гэж бодож байна. Энэ бол хөгжлийн, стратегийн зам шүү. Үүнийг 2024 оноос өмнө ашиглалтад оруулах ёстой. 

Дорнод аймаг хамгийн олон хилийн боомттой аймаг. Гэхдээ ганц ч боомт нь хатуу хучилттай замаар холбогдоогүй. Энэ бол ганц Дорнод аймгийн асуудал биш Монгол улсын асуудал шүү. 

 Түүнийг үг хэлсэний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Ц.Сэргэлэн генералын саналыг ажлын хэсэг анхаарч, ажлын хэсэг судлаж үзээрэй" гэж даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ