АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо
2020.01.23
Зам, Тээвэр

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жолооч, иргэд, автомашин болон тээврийн бүхий л хэрэгсэл эзэмшигч нар хариуцлагын даатгалын үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна. 

Ингэхдээ Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг "Гэрэгэ" киоскоос авах юм. Уг автомат киоскны нээлт өнөөдөр "Туушин" зочид буудалд болж, даатгалын цахим системийг нэвтрүүлж буй "Гэрэгэ системс" болон "Асимон Брокерс" ХХК, Албан журмын даатгагчдын холбооны удирдлага хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

"Гэрэгэ системс" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат хэлэхдээ, "Замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй оролцож буй хүн бүрийн зайлшгүй авах үйлчилгээний нэг жолоочийн даатгалд жолооч нар багагүй цаг, зав зарцуулдаг. Үүнийг хөнгөвчлөх цахим зуучлалыг нэвтрүүлснээр жолооч нар даатгалаа "Гэрэгэ" киоскоор дамжуулан түргэн шуурхай төлөх, авах нөхцөл бүрдэж буй"-г онцоллоо. Ингэснээр даатгуулагч нар зардал хэмнэх, даатгалын ойлголт, мэдлэгээ сайжруулах, даатгалын гэрээнд идэвхтэй оролцох нөхцөл бүрдэж байна. 

Одоо жолооч, даатгуулагч нар хамгийн ойрхон орших АТҮТ-үүдэд байршиж буй "Гэрэгэ" киоскийг ашиглан шат дамжлагаггүй, хүлээлтгүйгээр түргэн үйлчлүүлэх боломжтой болж байна. Ингэхдээ иргэний үнэмлэх, төлбөрийн карт байхад л хангалттай аж. Өнөөдрийн байдлаар, нийслэл болон 2 аймгийн 50 газарт нийт 80 "Гэрэгэ" киоск байршиж байна. Эдгээрээр жолооч нар "Практик даатгал", "Бодь", "МИГ", ХААН, "Амар", "Монре", "Монгол даатгал", "Мөнх", "Ард", "Тэнгэр", "Мандал", "Ганзам", "Улаанбаатар" зэрэг даатгалын 13 төрлийн компанийг сонгон даатгалаа төлөх, авах юм. 

"Гэрэгэ" автомат киоскны нээлтийн үеэр цахим технологийн шийдлээс гадна даатгалын салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Албан журмын даатгагчдын холбооноос жолооч нар даатгалаа цахимаар төлөхөөс гадна даатгалын хохирлоо барагдуулах, засвар үйлчилгээг хамтатган авах боломжтой гэсэн саналыг тус холбооны захирал Д.Цэвээнжав дэвшүүлж байв. 

"Гэрэгэ" автомат киоскны нээлтэд Сангийн яам, СЗХ, даатгалын болон санхүү, бизнесийн компаниудын төлөөлөл оролцлоо. 

Тодруулга: Жолооч нар "Гэрэгэ" киоскноос хувь хүний, хуулийн этгээд болох албан байгууллага болон мэргэшсэн C, D төрөл, мөн дамжин өнгөрөх төрлийн үйлчилгээг авна.

Ингэхдээ киоскны "Жолоочийн даатгал" цэснээс даатгалын төрлөө сонгоно. Улмаар автомашиныхаа дугаарыг оруулан тээврийн өмчлөгч эсэхээ бөглөж, иргэний үнэмлэхний QR код болон хурууны хээгээ уншуулан хувийн мэдээллээ шалгана. Мэдээллээ үнэн зөв эсэхийг шалган холбоо барих утас, гэрээ хүлээн авах мэйл хаягаа бичиж оруулах юм. Тээврийн хэрэгсэл нь жолоочийн хязгаартай эсэх болон чиргүүлтэй эсэхийг бөглөж, улмаар даатгалын компаниа сонгон төлбөрийн болон бусад мэдээллээ сайтар шалгана. Гэрээ болон мэдүүлгийн маягтай танилцсанаар картаа уншуулан тасалбараа авах юм. 

Өнөөдрийн байдлаар "Гэрэгэ" киоск нь нийслэлд ЧД-т Тасганы овоо, "Нисдэг машин" авто үйлчилгээний төвд, СБД-т "Аса" циркийн "Б" корпуст, БЗД-т "Да Хүрээ- техникийн зах, мөн "Тэнгэр Плаза", "Таван ган трейд" ХХК-ийн байранд, БГД-т "Хөсөг трейд", СХД-т Автохудалдааны цогцолборт, мөн "Синчи ойл", "Драгон" төвд, ХУД-т "Лавай" худалдааны төв, "Уран ган" ХХК-ийн байр, "Доктор автосүлжээ"-ний төвд тус тус байрлаж байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

ШИНЭ МЭДЭЭ