2020.10.20
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Газар тариалан, МАА салбарууд бие биеэ "идэж" байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

“Өнөөдөр Монгол Улсын бүх аймгуудад бэлчээрийн асуудал хүнд байгаа. Ялангуяа газар тариалангийн бүс нутагт бэлчээр төдийгүй тариалангийн газраа ч идэж байна. Ингээд МАА, Газар тариалан гэсэн 2 том салбар маань нэг нэгнээ идээд дууслаа.

Цөлжилт хойшоогоо Орхон голд тулаад зогсчихсон. Хамгийн их ургац авдаг бүсүүд ч тиймгүй болсон. Гол устгаж байгаа зүйл бол бэлчээрийн МАА. Бид малын тоо толгойноос илүү эдийн засгийн эргэлтэд хурдан ордог эрчимжсэн МАА-г дэмжих нь зөв.

Малын хөлийн татварын тухай хуультай энэ асуудлыг уялдуулах ёстой. Бид татвараар тодорхой хэмжээний зохицуулалт хийх нь зүйтэй. Газар тариалангийн бүс нутгаар зарлагдсан нутгуудад малын хөлийн татвар өндөр байх ёстой гэж үзэж байна. тариаланчид ч тэр, малчид ч тэр энэ төрлийн татварыг тогтоохыг хүссэн. Өвөлжөө, хаваржаа нь ялгагдахаа байсан. Нэг нэгнийхээ өвөлжөөнд очоод буучихдаг. Үүнд яах аргагүй төрийн зохицуулалт хэрэгтэй. Үүний гол хөшүүрэг бол малын хөлийн татвар юм. Газар тариалангийн бүс нутгуудад малын хөлийн татвар 2000 биш 5000-8000 хүртэл байхад нэг их буруудахгүй.

Тариаланч, малчин 2-ын дунд өдөр бүр л ахуйн чанартай маргаан гарсаар байдаг. Ерөнхий сайдыг газар тариалангийн бүсэд ажиллах үед нийт талбайн 30%-ийг мал идчихдэг гэж тариаланчид хэлж байсан. Уринш хийсэн талбайд мал орчихдог. Ингээд тариалалтын үед хөрс эвдэгдээд байгаа юм. Ингээд яах аргагүй 2 том салбар бие биеэ идэж байгаа нь үнэн юм. Бид үүнээс оройтож болохгүй.”

Тэрээр байнгын хорооны хуралдаанд Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөлтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ