МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцлээ
2020.10.21
Эдийн засаг, Худалдаа

Ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.21) хуралдаан 13 цаг 43 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн талаар хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжилтийн хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм гэдгийг Сангийн сайд тодотгов.

Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ.

Энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны зүгээс тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ