МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийг батлуулахаар тогтлоо
2020.10.21

"Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийг батлуулахаар тогтлоо

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцээд соёрхон батлуулахаар тогтов.

Коронавирусын халдварт /КОВИД-19/ цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа аж.

Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх юм байна.

Уг төсөл нь харилцагч төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих замаар мэдээллийн хомс байдал болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх; хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид арилжааны банкаар дамжуулан түр хугацааны дэмжлэг олгох зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгч нэгжээр тус яамны харьяанд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгж ажиллах юм байна.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баделхан, Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлээд коронавирусын халдварт цар тахлын энэ үед дэлхий дахины болон дотоодын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, эрсдэлийг зөв тооцсоны үндсэн дээр урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг ашиглах, өрийн менежментийг зөв хийх нь чухал байгааг онцолж байлаа.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ