Татварын алба төсвийн орлогын 51 хувийг бүрдүүлдэг
2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Татварын алба төсвийн орлогын 51 хувийг бүрдүүлдэг

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд орлого төвлөрүүлдэг төсөвт байгууллагуудад ажиллаж байгаа билээ. Төсвийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2020.10.21) Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт ажиллалаа.

Монгол Улсын төсвийн орлогын 51 хувийг бүрдүүлдэг Татварын ерөнхий газар 25 төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлогыг төсөвт төвлөрүүлдэг. Татварын ерөнхий газрын хувьд энэ онд татварын алба 5.2 их наяд төгрөгийн төсвийн орлогыг цуглуулах үүрэгтэй байсан бол ирэх оны төсөвт 6.6 их наяд төгрөг буюу улсын төсвийн 50.5 хувийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 2020 оны эхний 9 сарын байдлаар 3.9 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 3.4 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Төсвийн гүйцэтгэл 88 гаруй хувьтай явж байгаа аж. 

Төсвийн орлогыг төвлөрүүлэхдээ зарим хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудыг хэрэгжүүлэхэд голлож ажиллана. Тухайлбал, газар өмчлөлийн асуудал байна. Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Харин газар өмчилсөн иргэд газрын татвар төлөх ёстой. Учир нь өмчилсөн газар нь тухайн иргэний хөрөнгө болж үлддэг тул хөрөнгийн татвараа төлөх үүрэгтэй.

Хуулийн хүрээнд энэ татварын 98 хувь нь хөнгөлөгдөж, 2 хувийг төлдөг. Өмчилсөн газрын тухайд нэг иргэн хот суурин газарт 3000-5000 төгрөгийн татвар ногдож байх жишээтэй. Хөдөө орон нутаг, сумдад 1000-3000 төгрөгийн татвар ногдоно. Энэ татварыг авдаггүй байсан. Холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж энэ татварыг авдаг болж байгаа. Мөн автомашины татвар бий.

Манай улсад 1200 гаруй автомашин бүртгэлтэй байдаг боловч хагас нь л татвараа төлдөг. Бүгд татвараа төлдөг болгоход татварын албанаас анхаарч ажиллана. Түүнчлэн татвар нэмэхгүйгээр цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, далд эдийн засгийг бууруулах, цахим төлбөрийн баримтын систем ашиглан ажил гүйлгээ бүрийг бүртгэлжүүлэх, татварыг хялбаршуулан бүртгэлийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс зах худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдийг цахим төлбөрийн QRBarimt-ыг өгөх нөхцөлөөр хангасан. Одоогийн байдлаар 13.658 иргэн энэ цахим системд холбогдсон гэдгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабат танилцуулав.

Ковид-19 цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийн улмаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсөвт төвлөрүүлэх татварын орлого 19.2 хувиар буурсан байна. Эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл уул уурхайн салбарт хамгийн сөрөг нөлөөг үзүүлж байгаа бөгөөд 59 хувиар буурчээ. Харин хөдөө аж ахуйн салбарт 59 хувийн өсөлттэй дүн гарсан байна.

Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор УИХ-аас баталсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиудын хэрэгжих хугацаа дуусгавар болсон бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих татварын бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татварын багц хуулийг шинэчлэн батлуулсан.

Энэ хүрээнд татварын албанд бүртгэлтэй нийт 165 мянга гаруй аж ахуй нэгжийн  97 хувь нь 1 хувийн татвар төлдөг болжээ. Үлдсэн 3 хувь нь 10 хувь болон 25 хувийн татвар төлдөг байна. Ингэснээр жижиг, бичил бизнес эрхлэгчдээ дэмжих татварын бодлого хэрэгжиж эхэлсэн. Дийлэнх аж ахуй нэгж 1 хувийн татварт шилжсэнээр 2018 онтой харьцуулахад 39 тэрбум төгрөгийн орлого нь тухайн бизнес эрхлэгчдэд үлдэж байгаа гэсэн тооцоог татварын албанаас гаргажээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар НӨАТ-ын сугалаа, хөнгөлөлтийг боловсронгуй болгох, чөлөөт бүсийн татварын бодлого, татваргүй барааны дэлгүүрийн хяналт, татварын байцаагчдын нийгмийн баталгааг хангах, татварын маргаан таслах комиссын бие даасан байдлыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэв.

Татварын ерөнхий газраас 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарласан байна. Үүний хүрээнд иргэд, татвар төлөгчдийн болон татварын албаны хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг хийхээр төлөвлөгөө гаргасан байна.

Төсвийн шинэчлэл гэдэг Засгийн газраас оруулж ирсэн төслийн хүрээнд зохицуулалт хийснээр шийдэгдэхгүй. Төсөв орлогоос бүрдэнэ. Орлогыг бүрдүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Зарлагыг бид маш сайн ярих ёстой. Урсгал зардал төсвийн зарлагын 80 хувийг эзэлдэг. Мөн 17 хувийг эзэлдэг халамжийн зардал бий. Иймээс төсвийн харилцаанд ордог, төсвийг бүрдүүлдэг, төсвийн зарлага талд нь байдаг бүхий л талууд шинэчлэл хийж байж төсөв шинэчлэгдэх ёстой. Нэг удаагийн төсвийн хуулийг батлаад шинэчлэх боломжгүй. Энэ дөрвөн жилд төсвийн системийг бүхэлд нь шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ