2020.10.22
Эдийн засаг, Худалдаа
Л.Мөнхбаатар: Малын татварын хэмжээг ямар зохицуулалтаар тодорхойлох вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
"Малчид малын хөлийн татвартай болох ёстой гэж ярьдаг. малын тоо толгойг чухалчилснаас болж бэлчээр талхалагддаг. Малчид бэлчээрээ булаацалдсанаас болж биенийхээ аминд хүрсэн хэрэг ч гарсан. Малчид татвартай болох нь зүйтэй гэдэг асуудлаа өөрсдөө хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бодлогын хувьд хуулиа гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байна.
Орон нутгийн төсвийг бэхжүүлэх чиг үүрэг байхаас гадна үүний цаана малын ашиг шим, чанар үүлдэр угсааг сайжруулах бодлого явж байгаа. татвар авсанаар усан хангамж, бэлчээр ашиглалт, цөлжилтийн асуудлаа орон нутаг өөрсдөө шийдэх сайн тал бий. Гэхдээ энэ төслөөр нэг малын тоо толгойд тухайн татварын жилд 0-2000 байна гэж заасан. Үүнийг ИТХ тогтооно гэсэн байна. Үүнд тодорхой шалгуур нөхцөл байх ёстой. Учир нь ямар нөхцөлд 0 төгрөг байх, ямар нөхцөлд 2000 төгрөг байх юм бэ гэдгийг тодорхойлохгүй бол зэргэлдээ 2 сум байхад нэг нь 200 нөгөө нь 2000 төгрөгөөр тогтоочихвол 200 метрийн зайд байгаа 2 малчин 2 өөр татвар төлөх нь. Тиймээс энийг анхаараарай.
Татварын орлого төсвийг бүрдүүлэх чиглэлд орлогоо бодоод өндөр татвар тогтоох эрсдэлтэйг анхаараарай. Авсан татварын орлогыг хэрхэн зарцуулах хүрээ хязгаарыг зааж өгөх нь зүйтэй. Малын үүлдэр угсаа, хашаа саравч янзлахад зарцуулах уу өөр зардалд оруулах уу гэдгийг тодорхой болгоорой."
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17