МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Ч.Ундрам: ХАА салбарын хөгжилд хэзээ дорвитой хөрөнгө оруулалтыг тусгах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

"Төсөлтэй холбоотой 3 асуулт байна.

1. Бид эдийн засгаа солонгоруулах тухай байнга ярьдаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ХАА салбараа хөгжүүлэх асуудлууд тусгагдсан. Гэтэл 2021 оны төсөвт мал амьтныг эрүүлжүүлэх 50,9 тэрбум ХАА бүтээгдэхүүнийг дэмжих 65,3 тэрбум төгрөг тусгагдсан байна. Манай улсад музей барих мөнгөнөөс бага мөнгө энэ салбарт тавьсан байна. Хэзээ энэ салбартаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх юм бэ? Энэ төсөвт яагаад бага мөнгө төлөвлөсөн бэ?

2. Боловсролын байгууллагатай холбоотой чухал асуудал байна. Манай улсад нийт 819 гадаа ариун цэврийн байгууламжтай сургууль цэцэрлэг дотуур байр байна. Гадаа жорлонтой цэцэрлэг 226 байна. Бидний нялх хүүхэд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засаад тэрнээсэ болж суурь өвчтэй болж байна. Үүнд нийт 100 тэрбум төгрөг шаардлагатай. Ирээдүй хойч үеэ эрүүл өсгөхийн тулд хөрөнгө оруулалтаа нэмэх шаардлагатай байна.

3. Сангийн яамны журмаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрэмбэлэхдээ 3 аргачлалаар үнэлж, эрэмбэлдэг. Үүнийг харахаар бодлогын баримт бичигт тусгагдсан эсэх тодорхойгүй, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, тухайн жилийн хөрөнгө оруулалтын жилийн бодлогын чиглэлд нийцсэн эсэх гэсэн нарийн тодорхой сайн журам байна. Энэ яг хэрэгжиж байгаа юу? Орж ирж байгаа төсвийн зарим хөрөнгө оруулалтыг харахаар энэ журам хэрэгжээгүй л харагдаад байна. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам гэж байна. Энэ журамд ил тод байдал, хяналт, тайлагнал үр дүнгийн 5 дугаар бүлэгт ил тод байх ёстой гэж заасан. Үүнийг яаж хангадаг вэ? Би вэб сайт дээр нь хайгаад олсонгүй."

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ