МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв
2020.10.22
Гадаад харилцаа

НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба хамтран НҮБ-ын өдөр-НҮБ-ын 75 жилийн ойн хүндэтгэлийн ёслолыг өнөөдөр зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, "75 жилийн өмнө байгуулагдаж байсан НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үндсэн зорилго биеллээ олж, НҮБ нь дэлхийн улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлын баталгаа, хөгжил цэцэглэлтийн өмөг түшиг болж чадсан. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа батжуулах, гадаад бодлогоо өргөжүүлэх, бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах өргөн боломж, бололцоог нээж өгсөн" хэмээгээд Засгийн газар НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хүндэтгэлийн ёслолын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра, Дипломат корпусыг төлөөлж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэлж, НҮБ-ын агентлагууд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэн бөгөөд ирэх онд тохиох 60 жилийн ойн хүрээнд Монгол Улс-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэх, хэтийн төлөвийг тодорхойлох, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

ШИНЭ МЭДЭЭ