МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гучин мянган толгой хонийг Хятадын талд хүлээлгэн өглөө
2020.10.23
Орон нутгийн хөгжил

Гучин мянган толгой хонийг Хятадын талд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан.

Өмнөд хөршид тусламж болгож өгөх хонин сүргийн эхний хэсэг болох 4000 хонийг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтод боллоо. Дөрвөн мянган хонийг бүхээгтэй ачааны машинд ачиж хилээр нэвтрүүлсэн юм.

Монголын талаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нар оролцсон.

Харин БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 30 мянган хонийг цуглуулж Хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөх ажлыг Ажлын хэсэг, орон нутаг хувийн хэвшлийнхэн, хамтран зохион байгуулжээ.

"Хонин сүргийг Хэнтий,Сүхбаатар, Дорноговь аймгийн  нутгаас бэлтгэж мал эмнэлгийн үзлэг  шинжилгээнд хамруулж, бүх шатны хяналтыг тавин хорио цээрийн дэглэмийг сахиулсан. Монголын ард түмнээс өгч буй энэхүү дэмжлэг Хятадын ард түмэн тэр тусмаа халдварт өвчинд илүү өртсөн Ухань хотын иргэдэд дэмжлэг болно гэж итгэж байна" хэмээн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ дурдсан юм.

Монголын ард түмнээс өгч байгаа хонин сүргийг халдварт өвчний голомт газар буюу БНХАУ-ын Ухань хотын иргэдэд хүргэх талаар эх сурвалж мэдээлсэн. Үлдсэн хонийг Замын-Үүд дэх гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд 30 хоног хяналтад байлгаад Замын-Үүдийн хилийн боомтоор үе шаттай хил нэвтрүүлнэ. 

ШИНЭ МЭДЭЭ