"Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг хэлэлцлээ
2020.10.23
Эрүүл мэнд

"Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хуулийн төслийн танилцуулга хийлээ. 

Төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр хүлээх хариуцлага, Эмийн зөвлөлийн гишүүний шалгуурыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж хэрэглэхээр заасан байна.

Эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар, удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нараас эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалт энэхүү хуулиар боловсронгуй болох юм. Энэ зохицуулалтын хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана гэх мэт хэт дөвийлгөсөн сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт ч сайжрах аж.

Энэхүү хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал болох эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.Түүнчлэн эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрд эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эм хүлээн авах эрх зүйн орчин бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төслийг НББСШУБХ-ны дүгнэлтийг танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ