2020.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
"Энэ хуулийн зорилт бол эцсийн дүндээ өөрийн гэсэн онцлогтой, уламжлал, ёс суртахуунтай, эх орноо гэсэн сэтгэлтэй, бахархалтай монгол хүнийг бий болгоход чиглэсэн цогц байх ёстой. Эндээс эхлээд бодох хэрэгтэй. Бид юм олж хадгалаад хүнд үзүүлэх биш үүний цаана өөрийн гэсэн онцлогтой монгол хүнийг л бий болгох суурийг энэ хуулиар бий болгох ёстой юм.
Боловсрол хүмүүжил, ёс заншил зэргийг соёлоор дамжуулан төлөвшүүлэх тухай байх ёстой. Энэ хууль байгууллага, бүтэц, үйл ажиллагааг л зохицуулсан хууль болсон байна. Жишээлбэл сочлын ажилтан гэж хэнийг хэлэх бэ гэсэн хуулийн хэсэг дээр бичсэнээр дураараа нэгдсэн бүлэг хүмүүс судалгааны ажил хийж байна гээд эртний булш ухаад байвал яах уу? тэднийг хэн соёлын ажилтан гэх вэ? Энэ мэт нэр томъёо, агуулга дээрээ сайн ажиллах хэрэгтэй.
Япон улсын иргэд япон хүн гэдгээрээ бахархадаг. Япон хүн бол хүмүүжил, сэтгэлгээ, уламжлал, үнэт зүйлээ тодорхойлсон. Түүнийгээ таниж мэдсэн хүмүүс байдаг. Яг үүн шиг л монгол хүн гэдгийг соёлоор дамжуулан бий болгох агуулга уг хуульд байх ёстой гэдгийг анхаараарай."