Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 3000 хонийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Монголын ард түмнийг төлөөлөн БНХАУ-ын ард түмэнд хандивлахаа илэрхийлсэн 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн бүсэд зохион байгуулав.
Хандивын хонь хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд монголын талаас Ажлын хэсгийн ахлагч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Хятадын найрамдлын бүлгийн дэд дарга Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, хятадын талаас Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бу Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Хятадын ард түмэнд туслах санаачилгыг манай улсын ард иргэд өргөнөөр дэмжиж, Засгийн газраас өндөр ач холбогдол өгч зохион байгуулсныг тэмдэглээд, Монголын ард түмнээс өгч буй энэхүү сэтгэлийн хандив Хятадын ард түмэн цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь тус нэмэр болно хэмээн итгэж буйгаа илэрхийлж, Хятадын Засгийн газар, ард иргэдээс мөн манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлж буйд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал хоёр талын ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлж, хоёр улс дэлхий нийтийн өмнө тулгарч буй цар тахалтай тэмцэхэд бие биендээ дэмжлэг үзүүлэн ойр дотно хамтран ажиллаж буй нь хоёр ард түмний өнө удаан жилийн нөхөрлөл, найрамдлыг улам бүр бэхжүүлж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлж буйг тэмдэглэв.