2020.10.26
Гадаад харилцаа
“НҮБ-ын өдөр"- НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэлээ
Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба хамтран НҮБ-ын өдөр – Нэгдсэн Үндэстний Байгууллагын 75 жилийн ойн арга хэмжээг 10 дугаар сарын 22-нд ГХЯ-нд зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 75 жилийн өмнө байгуулагдаж байсан НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үндсэн зорилго биеллээ олж, НҮБ нь дэлхийн улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлын баталгаа, хөгжил цэцэглэлтийн өмөг түшиг болж чадсныг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа батжуулах, гадаад бодлогоо өргөжүүлэх, бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах өргөн боломж, бололцоог нээж өгснийг тэмдэглээд Засгийн газрын зүгээс НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра, Дипломат корпусыг төлөөлж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэлж, НҮБ-ын агентлагууд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ.
Энэ дашрамд Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэн бөгөөд 60 жилийн ойн хүрээнд Монгол Улс-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэх, хэтийн төлөвийг тодорхойлох, олон нийтэд сурталчлахад чиглэсэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.