НҮБ-д Монгол Улс гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг мөн
2020.10.26
Гадаад харилцаа

НҮБ-д Монгол Улс гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг мөн

2020 онд НҮБ-ын байгуулагдсаны 75 жилийн ой  тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай цахим ярилцлага хийв.

  • НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн байр суурийн талаар товч өгүүлнэ үү?

1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо дэлхийн олон орны удирдагчид НҮБ-ын Дүрмийг баталж, улмаар эл дүрэм 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байдаг.

Манай яам НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй хамтран  10 сарын 22-ний өдөр   НҮБ-ын 75 жилийн ойн арга хэмжээг ГХЯ дээр зохион байгуулахаар ажиллаж байна.

НҮБ нь дайны гамшгаас хойч үеийхнийг ангижруулах зорилгоор байгуулагдсан.  НҮБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлийг энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх хэмээн тогтоосон нь одоо ч хэвээр байна.

Энэ хүрээнд өнгөрсөн 75 жилийн хугацаанд НҮБ нь колончлолыг устгах, зэвсэг хураах,  сөргөлдөгч талуудын хооронд энхийг сахиулах ажиллагаа явуулах, олон улсын эрх зүйг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, гамшиг зовлонд нэрвэгдсэн сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, халдварт өвчнийг устгах, өлсгөлөнг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг дэлхий нийтийн сайн сайхны төлөөх бүхий л үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Анх 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлсэн байна. НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран  ажиллаж байна.

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн хуралдаанд НҮБ-ын  гишүүн орнуудын оролцоо, онцлог, гишүүн улсуудын удирдагчдын хэлсэн үгийг хэрхэн дүгнэж  байна вэ?

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын гамшиг нүүрлээд буй онцгой цаг үед тохиолоо. Гэвч цахим технологийн эрин үед Ерөнхий санал шүүмжлэл саадгүй өрнөж, нийт 122 улсын Төрийн тэргүүн, 54 улсын Засгийн газрын тэргүүн, 18 улсын Гадаад хэргийн сайд үг хэллээ. Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож үг хэлсэн.

Гишүүн улсуудын удирдагч нар хэлсэн үгэндээ өнгөрсөн 75 жилд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг роль, хувь нэмрийг сайшааж, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, цар тахлын дараа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчил зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах талаар тус тусын байр сууриа илэрхийлж байсан.

Мөн КОВИД-19 цар тахлын үеэр дэлхий нийтээр барьц алдаж буй нь бидний шинэ эрсдлийн өмнө эмзэг, бэлтгэлгүй байгааг харуулсныг хүлээн зөвшөөрч, дэлхийн том гүрнүүд хооронд болон зарим бүс нутагт зөрчил маргаан хурцадмал болж, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нэмэгдэж буйг шүүмжилж байв. Улмаар хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд нэгдэн нягтрах, НҮБ-ын Дүрэм, түүний зорилго, зарчмуудыг чанд сахин мөрдөх, НҮБ-д суурилсан олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн ач холбогдлыг төлөөлөгчид санал нэгтэй тэмдэглэж байсан.

  • Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд болно.  Манай улс НҮБ-д элссэний түүхэн ач холбогдлыг  та залуус хойч үед сануулан хэлж өгнө үү? 

Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Гэсэн хэдий ч  1946 оныг хүртэл Монголын тусгаар тогтнол олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан. Манай улс 1946, 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад НҮБ-ын гишүүнээр элсэх өргөдлөө  гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч амжилтад хүрээгүй. Гэхдээ манай улс төрч, дипломатуудын уйгагүй хичээл зүтгэлийн үрээр 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн.

Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны хамгийн гол ач холбогдол юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор Монгол Улсын өмнө гадаад бодлогоо өргөжүүлэх, НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, НҮБ болон бусад гишүүн улсын тусламж, дэмжлэгийг авч хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн юм.

Манай улс өнгөрсөн 59 жилд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна. НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.

Мөн хугацаанд НҮБ болон түүний системийн  байгууллагууд Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлсэн нь үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсныг бид бэлхнээ мэднэ. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж байна.

  • Манай улс НҮБ-ын их гэр бүлд ямар хувь нэмэр оруулдаг вэ? Манай үйл ажиллагааны үр дүн гэж үзэж болох зүйл юу байна вэ?

НҮБ-ын хүрээнд явуулж ирсэн идэвх, санаачилгатай үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдсээр ирсэн  юм.

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд манай улсаас НҮБ-ын хүрээнд явуулж буй бодлого, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайж ирэв. Түүний дотор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, зэвсэг хураах асуудлаас эхлээд ардчилал, боловсрол, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг 20 шахам сэдвийн хүрээнд 90 гаруй удаа тогтоол батлуулсан байдаг.

Монгол Улс 1992 онд өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос эхлэн амжилттай оролцсон ба энэ талбарт туршлага хуримтлуулж, нэр хүндтэй болсныг та бүхэн сайн мэднэ. Сүүлийн жилүүдэд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол 800-1100 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулж, цэрэг хандивлагч 120 гаруй улсын дунд цээжний 30 дотор бичигдсээр ирлээ. КОВИД-19 цар тахлын энэ хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа энэ 10 дугаар сард илгээснийг дуулгахад таатай байна.

НҮБ, түүний системийн удирдах байгууллагад сонгогдож ажиллах явдалд анхаарч ирсэн. Тухайлбал, НҮБ-ын бүтцийн үндсэн зургаан байгууллагын хоёрт буюу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр хоёр удаа (1973-1976, 2010-2012), Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа (2016-2018) сонгогдон ажиллаж байв.

  • Өдгөө НҮБ-ын өмнө тулгараад байгаа гол сорилтуудаас нэрлэнэ үү. Цар тахлын үед НҮБ өвөрмөц үүрэг гүйцэтгэж байх шиг байна?

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цар тахлын үеийг   “Энэ бол бидний нэгдэх, аливааг өөрчилж сайжруулах, илүү тэгш шудрага, уян хатан улс нийгмийг цогцлоох цаг” хэмээн үзэж, НҮБ-ыг энэ зарчмаараа удирдаж буйг би маш зөв зүйтэй хандлага хэмээн харж байгаа.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтууд, түүний дотор Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээр зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлийн гэрээ, хэлэлцээрээр авсан үүргээ биелүүлэх, хүн төрөлхтний өмнө тулгарч буй терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, зэвсгийн хууль бус  худалдаа, хүний наймаа зэрэг НҮБ-ын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх тулгамдсан асуудал олон байна.

Цар тахлын улмаас дэлхий нийт урьдчилан хараагүй эрсдэл, хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ НҮБ нүсэр байгууллага гэхэд коронавирусийн гамшгийн үед асар уян хатан ажиллаж, үйл ажиллагааныхаа бүх чиглэлээр гишүүн улсууд, хүн зонд хүрч ажиллаж чадаж байгаа нь гайхалтай.

ШИНЭ МЭДЭЭ