Б.Саранчимэг: Шатар амьдралд сургадаг
2020.10.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Саранчимэг: Шатар амьдралд сургадаг

Урлаг , улс төр, бизнесийн ертөнцөд амжилттай яваа олны танил эрхэмүүдтэй “Зөвхөн спортын тухай” ярилцдаг “Таван цагариг”-ийн уламжлалт булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн , сүүлийн үед бэстселлэр болоод байгаа “ Шийдэмгий нүүдэл” номын зохиогч Батсүхийн Саранчимэг уригдлаа.

  • Сайн байна уу? Таныг нилээд шаггүй шатарчин гэж мэднэ. Яг анх хэдэн настайгаасаа шатар тоглож эхэлсэн бэ? Яагаад шатарт татагдав?

Намайг бага байхад айл, саахалтын өвгөд маань шатар их тоглодог байлаа. Тэдний шатрын хөлөг дээрх хөөрхөн дүрснүүдийг эхлээд шохоорхон хардаг байсан бол сүүлдээ хэрхэн яаж нүүгээд байгаа нь сонирхол татаж эхэлсэн. Ингээд л харсаар байгаад нүүдэл мэддэг болсон хэрэг. Долоон настайдаа анх айлын өвөөтэй тоглосноо санадаг юм.

  • Шатрын хөлгийн ард тун олон удаа сууж, тоолж баршгүй олон өрөг нүүсэн байх. Уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргаж байв уу?

Би сургууль соёл, ажил, амьдрал гэсээр шатраар дагнан хичээллэж чадаагүй л дээ. Гэхдээ шатраас огт хөндийрсөнгүй өдийг хүрсэн. 2018 онд Италид болсон сонирхогчдын шатрын дэлхийн аваргад оролцож, хэсэгтээ 10 дугаар байр эзэлж, 2019 онд ОХУ-д болсон Олон улсын парламентын гишүүдийн шатрын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд оролцож эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, эрэгтэйчүүдэд эхний 10-р байрт мөн орж байсан. УИХ-ын гишүүдийн дунд зохиогддог “Цэцэн түшээ” тэмцээнд түрүүлж байсан юм байна. Гэхдээ би шатраар тэмцээнд уралдаанд оролцохоос илүү амьдралд минь маш их хэрэг болдогт илүү дурладаг юм.

  • Тухайлбал?

Шатар тоглодог хүн тэвчээртэй, аливааг олон талаас хардаг, логик сэтгэлгээтэй, шинээр сэтгэдэг, алсын хараатай, ой санамж сайтай, үйлдлээ , өөрийгөө хянах чадвартай, тооцоолон бодох сэтгэлгээ маш өндөр, амьдралд тохиолддог олон бэрхшээл саадын өмнө өвдөг сөхрөхгүй, гарц гаргалгаа гаргаж чаддаг болдог гээд маш олон талын эерэг нөлөөтэй. Тиймээс ч би хүүхэд багачууд болгоныг шатар тоглодог болгох, ирээдүйн дэлхийн аварга төрүүлэх том зорилготой “ Ногоон бэрс” шатрын клубыг Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэг, сургуульд байгуулж, 6000 гаруй хүүхдийг шатаржуулж, сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулсаар байна.

  • Шатрын ертөнцийн томчуултай уулзаж байв уу?

Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К. Илюмжинов болон А. Карпов, В. Ананд, В. Крамник, А.Костенюк, М.Чибурданези, Жю Вэн Жүн гээд алдартай дэлхийн аваргууд, Н.Шорт, Х.Накамура нарын шилдэг их мастеруудтай уулзаж,, ярилцаж явсан.

  • Та бид хоёрын яриа зөвхөн шатрын тухай болоод байна. Спортын өөр төрлийг сонирхдоггүй гэж үү?

Сонирхолгүй яахав. Манай нөхөр маань спортын, тэр дундаа хөлбөмбөгийн улаан фэн. Нөхөр маань Итали, би Аргентиний хөлбөмбөгийн шигшээ баг, Мессиг дэмждэг. 2018 онд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ болон аваргын төлөө тоглолтыг цэнгэлдэхэд , яг дэргэдээс нь цуг үзсэн. Үгээр хэлж чадамгүй гоё мэдрэмж авч, хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжтай үлдсэн дээ.
Мөн НБА-ийн плей-оффын “Дэнвер наггетс”-“ Лос Анжелес Лэйкерс” багуудын тоглолтыг үзэж, Коби Брайант, Шакил О Нил, Аллен Айверсон, Кармело Антони нарыг амьдаар нь харж байлаа.
Хоккейгоор НХЛ-ын “ Детройт ред уингз”-“ Колорадо эвеланш” багуудын гал гарсан тулаан үзэж байсан юм байна. Тоглолтын дараа хоккейчидтой Мөнхөө бид хоёр гар барьж, Хашек, Зеттерберг, Дацюк, Лидстрём гээд гол гол тоглогчидтой нөхрийгөө “ патиараа” татуулах агшинд зурагчны үүрэг гүйцэтгэж ч байсан сайхан дурсамж ч бий.

  • Таны “Шийдэмгий нүүдэл” ном уншигчдын сонирхлыг маш их татаж, бэстселлэр болж байгаа. Энэ номынхоо талаар товч өгүүлээч?

Шатар бол амьдралд маш ойрхон спорт л доо. Шатрын ерөнхий зарчим, тактикийг өөрийн туулсан, үзэж өнгөрүүлсэн амьдралтайгаа уялдуулж бичсэн. Хүүхэд, хөгшидгүй уншихад амар энгийн үг хэллэгээр тайлбарлаж бичсэн нь олны сэтгэлд хүрч байгаа юм шиг байна лээ.

ШИНЭ МЭДЭЭ