2020.10.01
Улстөр
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Д.Ганбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-ын 2020 оны Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу зохион байгуулж явуулахад зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд:
-УИХ-ын чуулганы хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдаан дуусгах цагийг товлох;
-Хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, тус захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглавараа баталж, мөрдөх;
-Хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болох, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдэл гаргасан бол хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, Дэд, Түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарч байх;
-Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулах дэгтэй адил зохицуулах, түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байх;
-Шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийх;
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцох;
-Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
ШИНЭ МЭДЭЭ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томиллоо
2021.11.25
Шинэ гишүүд тангараг өргөлөө
2021.10.21