МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-ын бүлэг: ҮАБЗ-өөс шүүх, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлдөг байдлыг өөрчилнө
2020.10.26
Улстөр

МАН-ын бүлэг: ҮАБЗ-өөс шүүх, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлдөг байдлыг өөрчилнө

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хууль зүйн байнгын хорооноос өмнө нь гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчөөр өргөн барьсан Шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийн 2019 оны эхээр УИХ баталсан. Үүнийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг манай 13 гишүүн өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төслийг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэдэг шийдвэрийг бүлэг үзлээ.

  • УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаад байгаа. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцсэн үү?

Хаалттай хуралдаанаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудал ярьсан. Орон нутгийн сонгууль боллоо. Сонгуулийн дараа МАН олонх болсон нэлээн хэд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлэн сонгогчдын өгсөн саналын шүүхийн шийдвэрээр засаж байна.

Тухайлбал, Баянхонгор, Архангай, Хөвсгөл зэрэг хэд хэдэн аймагт. Тэр байтугай Баянхонгор аймагт ИТХ-ыг 11:00 цагт зарласан байхад 09:00 цагт төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлүүлэх асуудлыг шүүхэд ярьж байна. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдаж байна гэдэг асуудлыг гишүүд тавьж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцсэн.

УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой ямар нэгэн зүйл ирээгүй. Тиймээс бүлгээр хэлэлцээгүй.

  • Хуульчид 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгнө гэдэг асуудал яригдаж байна.

Намын бүлэг есдүгээр сарын сүүлээр 2021 оны улсын төсвийг хэлэлцсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын тэгж бус байдал бол зөвхөн ирэх оны асуудал биш. 2018, 2019 оны төсвүүд дээр ийм асуудал гарсан. Үүнээс болоод үргэлжлээд байгаа юм. Зарим аймагт 2018, 2019 оны төсвүүд өндөр тавигдсан. Үнийн дүн нь өндөр байгаа ч санхүүжиж байгаа дүн нь 2020, 2021 онуудад үргэлжилнэ.

2021 оны тухайд хөрөнгө оруулалтын асуудал маш бага. Улсын хэмжээнд 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л байгаа.

  • Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалт хэтэрхий бага тавигдсан гэдэг асуудлаар Ерөнхий сайдад хандана гэж байсан?

Нийслэл төсөв төвлөрүүлдэг субьект. Нийслэлийн тухайд хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй орлогын төвлөрөлт өндөр байна. Үүнийг багасгаж өгөөч гэдэг асуудлыг нийслэлээр сонгогдсон гишүүд ярьж байгаа.

  • Шүүхийн тухай хуулийн шинэчлэх хүрээнд ямар тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж бүлэг үзэж байгаа вэ? Байнгын хороо ямар санал дээр үндэслэж Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай хуулийг буцаах шийдвэр гаргасан бэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

  1. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг буцаая гэдэг шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо дөрөвдүгээр сард гаргасан.

  2. Гол үндэслэл нь бичилтын 80 хувь нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй адилхан байна. Шууд хэлэхэд копи пэйст. Зарчмын зөрүүтэй 4-5 асуудал байгаа. Засгийн газрынхаас өөр концепцийн шинэчлэл хийх гээд байгаа асуудал байхгүй.

  3. Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл дэх өөрчлөлтөөр шүүгчдийг томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнуудаас хараат байдлыг нь болиулах гэж хийсэн. Гэтэл өргөн баригдаж байгаа төсөл дээрээ хуульчдаас шүүгчдийг олж сонгох үүрэгтэй ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд дахиад л өөрийнхөө томилгооны нөлөөллийг хадгалах гэсэн байр сууриуд байгаа. Тиймээс Үндсэн хуулийн үзэл санаандаа нийцүүлж хуулийн өөрчлөлтийг хийх ёстой учир Ерөнхийлөгчийн хуулийг буцаах нь зүйтэй гэдэг санал гаргаж байгаа юм.

  • Хотын даргад нэр дэвшсэн Д.Сумъяабазарын тойрогт явуулах нөхөх сонгуулийг яагаад заавал ирэх оны зургаадугаар сард зохион байгуулах юм бэ. Тэр болтол сонгогчдын эрх зөрчигдөх юм биш үү?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг жилд хоёр л удаа явуулахаар заасан. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоног, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд л нөхөн сонгууль явуулна.

  • ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг чөлөөлдөг болсныг хүчингүй болгоё гэдэг дээр бүлэг нэгдсэн гэж ойлгож болох уу?

Тийм. Энэ асуудлыг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамтатган шийдэх нь зөв юм.

ШИНЭ МЭДЭЭ