МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн менежментийг зоригтой хийх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

Төсөв мөнгөний харилцан уялдаа байх ёстой. Энэ чиглэлээр манай яамдууд яаж ажиллав?

Эрдсийн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр 2021 оны төсөвт юу тусгасан бэ? Холбогдох яамдууд үүнд хариулна уу?

Нийт зардлын 75.9 хувь нь урсгал зардал байгаа. Урсгал зардлыг бууруулах чиглэлээр юу хийж байна? Бууруулах маш олон боломжууд бий. 

Нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 76.3 ам.доллар гэсэн байна. Одоо худалдаж байгаа үнэ нь 40-50 ам.доллар байгаа. Үүнийг яаж тооцсон бэ? Төмөр зам, тээврийн зардлаас орох орлого нь нэмэгдэнэ гэж тооцсон уу? Нүүрс боловсруулах дээр юун дээр анхаарч ажиллаж байна вэ?

Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд 48.4 тэрбум төгрөгийг тусгасан байна. Энэ бол зориулалтын бус үр ашиггүй зарцуулалт юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тэнд нь боловсруулдаг бүсчилсэн байдлаар зарцуулбал ямар вэ? 

Газрын бүртгэлжүүлэлт хангалтгүй байгаагаас 110 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулах боломж алдлаа. Яагаад алдсан бэ?

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 2019 онд 522 тэрбум төгрөг болсон байна. Хөнгөлөлт чөлөөлөлт бол тодорхой эдийн засгийг идэвхжүүлэхэд хэрэглэдэг арга. Энэ хөнгөлөлт, чөлөөлөлтийн хувьд сайн, муу хоёр талтай. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах чиглэлд юу хийх вэ?

Автомашины татвартай холбоотой асуудлыг яах вэ? Суудлын автомашин дээр тодорхой импортын татвар тогтоох дээр юу хийх вэ?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ