МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулна
2020.10.27
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан 10 цаг 18 минутад 70.6 хувийн ирцтэй эхэллээ. Засгийн газраас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгадаа, Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн талаар онцлов. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас жилд 17 хувиар тооцохоор төлөвлөжээ. Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулжээ.

Үргэлжлүүлэн тус Байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис танилцуулахдаа нэгдсэн төсвийн төсөлд өгсөн дүгнэлтийг онцоллоо. Тэрбээр, “Төсвийн төсөлд халамжийн зардлыг өмнөх оны төлөвлөсөн дүнгээс бууруулж байгаа ч цаашид халамжийн бодлогыг тэлэхгүй байх, нэр төрлийг нэгтгэн шалгуур үзүүлэлт, аргачлалыг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсвийн үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна.

Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.

Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Ч.Ундрам, Х.Булгантуяа, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Асуултад Ажлын хэсгийн гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хэчнээн нэр төрлийн тэтгэвэр тэтгэмжийг байхгүй болгож, хэчнээн хүнийг ажлын байраар хангахыг зорьж буй талаар болон тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан ахмадад нэг сая төгрөг олгох санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох асуудлын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт төсөвт ямар нэгэн мөнгө суулгаагүй, төсвийн харилцаа үүсээгүй. Төсвөөс гадуур зохицуулах асуудлыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани бондын эрхийн бичиг гаргаж 2021 оны тавдугаар сарын 1-нээс шийдвэрлэхээр яригдсан гэдэг хариулт өгсөн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ирэх онд бүх халамжийг хэвээр үлдээхээр төлөвлөсөн. Цаашид богино хугацаанд халамжаас хөдөлмөрт шилжих томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд халамж жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу гэдгийг хянах хяналтын тогтолцоог бэхжүүлэх ажлыг хийж, энэ чиглэлээр бодлогын өөрчлөлт шинэчлэлт гаргана гэсэн агуулгаар хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг ашиглалтад оруулах эсэх, мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зарим нэр төрлийн эмчилгээг хийхээр төлөвлөж, төсөлд тусгасан эсэх талаар тодруулахын зэрэгцээ анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн шиг үзүүлдэг болох тухай санал хэллээ.

Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Мөн ирэх онд Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт нэгдсэн эмнэлэг барина. Дараагийн шатанд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн асуудлыг мөн шийдэхээр төлөвлөсөн гээд Өрхийн эрүүл мэндийн төвийн иргэдэд үзүүлж болох тусламжийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломжтой гэж төлөвлөсөн талаар хариулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан халамжийн бодлого нийгмийг улам доройтуулж байна гэсэн байр суурь илэрхийлээд халамжаас хөдөлмөрт гэсэн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийг дэмжиж, шинэчлэл хийхэд шаардлагатай хуулийн төслүүдээ төсөв дагуулан яаралтай оруулж ирж, хэлэлцүүлэх боломж байна уу гэдгийг тодруулав. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд А.Ариунзаяа өөрчлөлтийн ажлыг төсөвтэй уялдуулахгүйгээр эхлүүлсэн. Хөнгөн хуумгай ажил болгохгүйн тулд хуулийн төслүүдийг төсөв дагуулахгүйгээр оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж буй талаараа хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ