Ч.Ундрам: Ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвийг хэрхэн зарцуулах вэ?
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан хэлэлцлээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам асуулт асуулаа:
Хөдөлмөр нийгмийн хамгаалал 6.8 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үйл ажиллагаа руу зарцуулах ёстой юм байна. 6.8 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт юу юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
Боловсролын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг их, дээд сургуулиудыг оролцуулаад бүх түвшиний боловсролын байгууллагад тусгай хэрэгцээний тоног төхөөрөмж, сурах бичгээр хангах ёстой гэж хуульд заасан байдаг. Үүнд зориулж хэдэн төгрөгийн төсвийг Боловсролын яам дээр ирэх жил төсөвлөж байна вэ?
Их, дээд сургуулиудыг аймгууд руу шилжүүлнэ гэж дэд сайд хэлсэн байгаа. Үүнтэй холбоотой хийсэн судалгаа шинжилгээ байна уу? Ямар чиглэл барьж байна вэ?
Хөнгөлөлттэй эм дотор витамин эсвэл зайлшгүй шаардлагатай өвчинд зориулаагүй эмүүд байгаа юу? Доторх эмийн жагсаалт гаргаад жишээ болгож эмийн нэрийг хэлж өгнө үү?
Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн төв гэж байдаггүй. Гэтэл аймгийн төвд байхгүй атал сумуудад эрүүл мэндийн төв байгуулна гэсэн бэ?